БҮТ: Өмнөх оны төгсөгчдийн батламжийг өнөөдрөөс эхэлж тараана

img

 

 

Элсэлтийн ерөнхий шалгалт  энэ сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа.  Энэ жил ЭЕШ-д 30900 шалгуулагч, давхардсан тоогоор 99137 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 91758 шалгуулагч  шалгалт өгсөн буюу 89,7 хувийн ирцтэй  байлаа. Коронавирусийн цар тахлын улмаас манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд нилээдгүй хэдэн сарыг үдэж байна. Халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс  элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж улсын хэмжээнд 85 шалгалтын байранд шалгалтыг зохион байгуулсан бөгөөд нэг ангид 12 шалгуулагч сууж шалгалт өгсөн юм. Шалгуулагчийн шалгалтын байранд ирэх цаг, нэвтрэх хэсгийг тодорхой зааж өгсөн төдийгүй  амны хаалт, бээлийтэй шалгалтанд оржээ.

 

Нэг хичээлийн шалгалтад 4175 багш, давхардсан тоогоор 20 мянга гаруй багш ажилчид ажилласан байна.  Нийтдээ 110 мянган хос бээлий 35 мянган амны хаалт ашиглаж,ариутгал, цэвэрлэгээний бусад бэлтгэлийг хангаж тогтмол ариутгал халдваргүйтэл хийжээ. 2019 оноос шилэн технологи нэвтрүүлж шалгалтын дүн  оноо өдөртөө гардаг болсон. Тэгвэл энэ жил шалгалтын зохион байгуулалтад дэвшил гарч дүн өдөртөө гарч мөн шууд дамжуулсан  юм. 

 

Цар тахлын улмаас 2019-2020 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлаас эхлэн танхимаар хичээл ороогүй. Харин теле хичээл орсон. Энэ жилийн шалгалтын даалгавар хөнгөн ирэх болов уу? гэсэн хүлээлт шалгуулагчид байсан. Гэтэл  шалгалтын даалгавар   урьд урьдны жилүүдээс  хүндэрч ирсэн гэх асуудлууд олон нийтийн хэрэгслээр яригдсан. Харин   энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулахдаа  10,11-р ангийн агуулгыг бүрэн хамруулж харин 12-р ангийн судалж амжаагүй агуулгыг бүрэн хасаж боловсруулахыг зорьсон, хичээлээ хийж, шалгалтандаа бэлдсэн шалгуулагчид амархан байсан гэж  албаны хүмүүс мэдээллэсэн юм. 

 

Тэгвэл энэ жил шалгалтын байранд гар утастай нэвтэрсэн  хоёр зөрчил илэрчээ. ЭЕШ зохион байгуулах  журмын дагуу тухайн хоёр шалгуулагчийн дүнг хүчингүй болгож,  элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхийг нь хоёр жилээр  хасжээ. Шалгалт дууссан. Дүн гарсан. Харин одоо шалгуулагчид  "Батламж хуудас"-аа энэ сарын 08-10-ны өдрүүдэд авна. Шалгалтын "Батламж хуудас" 2,5 жил хүчинтэй. 

 

Шалгуулагчид "Батламж хуудас"-аа хаанаас авах вэ

 

-Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.

 

-Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

 

-Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн "Батламж хуудас"-ыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас өнөөдөр буюу  2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн авах боломжтой юм байна. 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ