Хурдан морьдын уралдаан ХЯЗААЛАН насаар эхэлнэ
2020-07-09

 

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  зохион байгуулалтын талаар албаны хүмүүс  мэдээлэл хийлээ. 

 

Дэлхий нийтэд гарч байгаа  коронавирус цар тахлын улмаас Монгол улсын баяр наадмын тухай хуульд заасны дагуу зургаан насны морь уралдуулах шийдвэр гаргасан байсан. Гэвч монголын морин спорт уяачдын холбоо, тодорхой албан тушаалтангууд, иргэд эрлийз гурван насыг уралдуулаач гэсэн хүсэлтийг шадар сайд, үндэсний хорооны даргад гаргасан байна.  Тиймээс энэ  жилийн үндэсний их баяр  наадмаар зургаан нас, эрлийз гурван нас есөн насны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  Өнөөдөр Хүй долоон худагт морьдын бүртгэл явагдаж байгаа аж. 

 

 

Долдугаар сарын 10-нд

 

  • 07:00-11:00 цагт  Хязаалан насны морьдын уралдаан
  • 12:00-14:30 цагт Эрлийз дунд насны  морьдын уралдаан
  • 15:00-18:00 цагт Шүдлэн насны морьдын уралдаан

Долдугаар сарын 11-нд

 

  • 07:00 цагт Азарга насны морьдын уралдаан
  • 12:00 цагт Их насны морьдын уралдаан
  • 16:00-19:00 цагт  Эрлийз дээд насны морьдын уралдаан

 

Долдугаар сарын 12-нд

 

  • 07:00-11:00 цагт Соёолон насны морьдын уралдаан
  • 12:00-14:00 цагт Дааганы уралдаан
  • 15:00-16:30 цагт Эрлийз бага насны морьдын уралдаан тус тус болно.

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримталж монгол морьдоос эрлийз морьдыг ялгах ажлыг зохион байгуулна

 

-Уралдааны дараагаар морь цоллох ажил Хүй долоон худагт болохоор болсон байна.  Монголын морин спорт уяачдын холбооноос энэ жилийн наадамд морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр уралдуулах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлжээ.  Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны 2015 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан заалтыг мөрдөж морьдын үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр гэсэн стандартаар ажиллана гэсэн хариуг илгээжээ. Хурдан морины салбар хороо бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Хэв журмын салбар хороо уяачдын  байрлах газар, морь ачсан  машинуудын зогсоол цэг зэрэг асуудлын талаар анхаарч ажиллаж байгаа бол  хүүхдийн байгууллагууд хурдан  морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал, аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа юм байна. Үндэсний их баяр наадмыг  таван телевиз  шууд дамжуулан үзүүлэх аж. 

 

Хурдан морьдын уралдах зай: 

  • Азарга, Соёолон нас: 23 км 
  • Их нас: 25 км 
  • Хязаалан нас: 17 км  
  • Шүдлэн нас: 14 км 
  • Даага нас: 11 км 
  • Эрлийз дээд нас: 23 км 
  • Эрлийз дунд нас: 17 км 
  • Эрлийз бага нас: 11 км-ээс тус тус  уралдана 

Хурдан морины уралдаанч хүүхдийн халууныг хэмжиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.

 

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт болж байна 

 

-Энэ жил цаг үеийн асуудлаас үүдэн зургадугаар сарын 29-ны өдрөөс эхлэн хурдан морины уралдаанч хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ бүртгэл хүчинтэй. Өнөөдөр буюу долдугаар сарын 09-нд Хүй долоон худагт уламжлалт байдлаар бүртгэж байгаа юм байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй. Халдвар хамгааллын дэглэм баримтална гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ. 

 

Урьд жил хурдан морины 200 хос хувцас хэрэгслийг үнэ төлбөргүй тараажээ. Харин  энэ жилийн наадмаар хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг олгохгүй. Хүй долоон худагт даатгалыг зургаан компани, хамгаалалтын хувцас хэрэгсэл борлуулдаг хоёр аж ахуй нэгж ажиллах юм байна. 

 

 Хөдөө  орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөнийг  шаардлагатай тохиолдолд түр хаана

 

-Цагдаагийн байгууллагаас хурдан морины уралдааны газарт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахих үндсэн үүргийн хүрээнд ажиллана. Тээврийн хэрэгслийн зогсоолууд ажиллуулахгүй. Хөдөө орон нутаг руу зорчих замын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд хаах зохион байгуулалтыг хэрэгжүүлэх аж.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин