ЭМЯ: 328 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-07-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.10/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  12 сая 368 мянган  хүн халдвар авч,  556  мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  212 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 286 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 341 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3050 хүн байна. 0-5 насын 204 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 286 хүн байгаа. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 8000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 146 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2  дуудлага ирсэн.

 

АНУ-д  64700 гаруй шинэ тохиолдол, 991 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 42600 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 755 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 24800 гаруй шинэ тохиолдол  нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д 45 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ.  Япон улсад 355 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  328 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 261 хүний  шинжилгээ, тусгаарлагдаж байсан 29 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор есөн хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээ байна. 

 

Манай нийт батлагдсан тохиолдол 227,  эдгэрсэн тохиолдол  197 боллоо. Харин эмчилгээнд 30 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр гурван  иргэн байгаа.

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 01:00 цагт газардсан.  Уг онгоцонд 42 настай эмэгтэй  амаржиж ихэр хүүхэдтэй боллоо. Эх, хүүхдүүд ХӨСҮТ-д тусгаарлагдаж эмчилгээ, хяналтад байна. Баяр хүргэе. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин