Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, 184 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-07-16

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 13 сая 659 мянган  хүн халдвар авч,  595  мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 209 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 269 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 428 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3006 хүн байна. 0-5 насын 186 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 318 хүн байгаа. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.  Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 9000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 128 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд таван дуудлага ирсэн.

 

АНУ-д 60900 гаруй шинэ тохиолдол, 773 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 39900 гаруй шинэ тохиолдол, 1233 нас баралт нэмж бүртгэгджээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 966 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 29400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д  61 шинэ тохиолдол, хоёр нас баралт  нэмж бүртгэгджээ.  Япон улсад 288 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.  БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмж бүртгэгдсэн аж. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  184 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 144 хүний давтан шинжилгээ,  ажиглах байранд тусгаарлагдаж байсан таван хүний   давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор  нэг хүний шинжилгээ тус тус  байна.

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь тавдугаар сарын 29-нд батлагдсан, ОХУ-аас ирсэн  20 настай эмэгтэй оюутан, 48 хоног эмчлэгдээд гарлаа. Мөн 30 настай эмэгтэй, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн бөгөөд 34 хоног эмчлэгдсэн.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 261 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол  209 боллоо. Харин эмчилгээнд 52 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 51 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Энэ өвчний эсрэг биет туссанааас хойш 3сар л илэрдэг гэж мэдээллээ
2020-07-16