Г.Уугантуяа: Хосууд музей үзэхээр их ирдэг
2020-07-20

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын үндэсний музей нь сан хөмрөгөөсөө 100 гаруй үзмэрээ дэлгэн “Монгол наадам” нэртэй үзэсгэлэнг гаргажээ. Түүхийн дурсгалт эдгээр үзмэрээ түр үзвэрийн танхимдаа байрлуулсан байна. Дэлгэсэн үзмэрүүд нь XIX-XX зууны үеийн алдар цуут бөхчүүдийн өмсөж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, хурдан морины хүүхдийн хувцас, өмсгөл, нум сум, товх болон шагайн харвааны эд эдлэл уламжлалт гоёл чимэглэл, гар урлалын бүтээлүүдээс гадна социализмын үеийн төрийн далбаа, идээ ундны цар таваг зэрэг олон сонирхолтой цуглуулгаас бүрджээ.  

 

 Төрт ёсны эртний уламжлалтай монголчуудын үндэсний баяр наадам нь төрийн ёслолын хүндэтгэл их цэнгэлд зүй ёсоор тооцогддог төдийгүй энгүүн аж амьдралын язгуур өв соёлыг тээж ирсэн үнэт өв билээ. Тийм ч учраас 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын “биед бус өвийн төлөөллийн жагсаал”-д бүртгэгдсэн. Шинэ үзмэрийн талаар  Монголын үндэсний музейн Боловсролын ажилтан Г.Уугантуяагаас тодрууллаа. 

-Түр үзвэрийн танхим ямар онцлогтой вэ?

 

-Манай түр үзвэрийн танхим цаг үедээ тохируулан үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, одоо гарч буй энэ үзвэрийг эрийн гурван наадамтай холбож “Монгол наадам” үзэсгэлэнг долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ыг хүртэл үзэгчдэд толилуулж байгаа. Хүүхдийн баяр, Цагаан сар гээд үзвэрүүд маань цаг үедээ зохицох үзвэр энэ танхимд гардгаараа онцлог. Хүмүүс нэг ирээд л тэр музейг үзчихсэн гэдэг харин манай музей үзэгчдийн тэр бодолд тулгуурлан энэ танхимаараа нэг ирсэн үзэгчээ дахин дахин ирүүлж чаддаг.

 

-Монгол наадам үзэсгэлэн ямар үзмэрүүд дэлгэсэн бэ?

 

XIX-XX зууных, мөн эрт үеийн наадмын өмсгөл, нум сум, зодог, шуудаг, гуявч гээд бүгд одоо үеийн эдэлж хэрэглэж байгаагаас ялгаатай. Цаг үедээ тохирсон үзмэр гэдгээрээ онцлог.

 

-Музей үзэх хүний тоо хөл хорионы үед буурсан байх. Өмнө жилтэй харьцуулбал үзэгчийн тоо хэр байна вэ?

 

-Долоо, наймдугаар сар бол музейн үзвэр үзэх оргил үе байдаг. Өнгөрсөн жил энэ саруудад 17-20 мянган үзэгч ирсэн бол энэ жил долоо хоногт 100 орчим хүн л үзэж байгаа. Голцуу гэр бүлээрээ ирж байна. Түүхийн хичээлээр ЭЕШ өгөх гэсэн сурагчид энэ сарын эхээр ирсэн. Хосууд бас музей үзэхээр ирдэг. Жил бүр наадмын дараа манай музей хөл гишгэх зайгүй болдог энэ жил эл хуль л байна даа.

 

-Шинэ үзмэр гарсныг хүмүүс хаанаас мэдэх боломжтой вэ?

 

-Манайх корона вирусийн үед page хуудсандаа зураг болон бичлэгээр цахим үзвэр оруулсан.  Тэдгээрийг https://www.facebook.com/nationalmuseummongolia/ Facebook page хуудсанд like дарж нэгдээд үзвэрийн дэлгэрэнгүй мэдээлэл цагийн хуваарийг мэдэж болно.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
музей:
за худлаа ш дээ, музейнүүд хоосон бна лээ. Хосууд буудалд л орно ш дээ
2020-08-06
Оюун ухааны музей
2020-07-27