Г.Цэрэнноров: Дэгдээхийний дуудлага хамгийн их ирдэг
2020-07-24

 

Нийслэлийн байгаль орчны газрын амьтны эмч Г.Цэрэнноровтой цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

 

-Танайд амьтны дуудлага хичнээн ирж байна вэ?

 

-Манайх дуудлага ихтэй байдаг. Долдугаар сарын 10-наас хойш ирсэн дуудлага гэвэл 15 удаагийн 20 орчим дуудлага ирсэн. Хортой могой, өмхий хүрэн, шувуу, сарьсан багваахай зэрэг

 

-Хамгийн их ямар амьтны дуудлага ирж байна вэ?

 

-Хамгийн их ирдэг дуудлага бол шувууны дуудлага. Тэр дундаа дэгдээхийн дуудлага ирдэг.  Зургаа, долдугаар сар бол амьтны эд үржлийн үе. Ангир шувуу мод хад, ууланд өндгөө гаргадаг. Эхлээд ангаахай байна. жоохон томроод дэгдээхий болно. Дэгдэж явж байхад нь учир мэдэхгүй хүүхдүүд бас томчууд нисэж чадахгүй байна, гэмтчихсэн байна гээд араас нь туугаад гэр хороолол руу оруулаад ирдэг. Эх нь дэгдээхийгээ дагаад хамт хөөгдөөд ирнэ. Үүнээс болоод гудамжинд машин тэргэнд дайруулсан байдаг. Бас нохойд бариулах тохиолдол бий. Бас сүүлийн үед начин шонхрын дэгдээхийн дуудлага ихсэж байна.  Дараагийн их ирдэг дуудлага нь хортой могой буюу бамбай хоншоорт могой. Жижигхэн нүх сүв рүү ороод үүрлэчихдэг. 11-р хороолол, цайз 16-р хороололд үүрлэсэн байсныг бид буцаан ойд нь тавьсан.  Энэ мэт дуудлагыг манайд мэдэгдэж байх нь зөв.

 

-Хортой могой суурин газар үүрлэсэн байна. Яаж яваад сууринд ирдэг вэ?

 

-Говийн эрээн хүрэн, бамбай хоншоорт могой зэрэг нь хөдөө орон нутгаар ачаа бараагаар тээвэрлэгдээд ороод ирдэг. Могой бол машины доод эд ангид орооцолдож, зүүгдээд хотод ирчихдэг. Нүүдэл суудлаар бас эсгий туурган дунд нь хамт зөөгддөг.

 

-Зэрлэг амьтад өөр ямар замаар сууринд ирдэг вэ?

 

-Янзага, буга, бор гөрөөс 6 сард төллөдөг энэ амьтад зулзагаа мод, бутны ёроолд хүн харахгүй газар нуудаг. Үе үе ирж хөхүүлээд явж байдаг амьтад. Үүнийг хүмүүс мэдэхгүй эхээсээ төөрсөн янзага байхаар нь аваад ирлээ гээд бариад ирдэг. Тэр чинь төөрөөгүй амьдардаг орчиндоо байж байсан. Тийм байхад өөрсдөө эхээс нь салгаж авчраад өнчрүүлчихдэг. Иргэдэд хандаж хэлэхэд ийм тохиолдолд битгий амьтныг аж амьдралаас нь салгаач ээ гэж хэлэх нь зөв байх. Энэ янзага байна гээд тойроод үргээж цочоохгүй байх ёстой.

 

-Танай Минж үржүүлгийн төвд хичнээн минжтэй вэ?

 

 -Минж үржүүлгийн төв нь Туул голын урсцыг сайжруулах зорилготой ажил. Бид Минжийг үржүүлээд том болгоод голд тавьдаг. Энэ ажил 2012 онд эхэлсэн. Тусгай объекттой. Одоогоор 43 минж үржиж байгаа. Энэ жил 19 минжийг Туул голд тавьсан.

 

-Минжийг голд нутагшуулснаар эко орчин яаж бүрддэг бол?

 

 -Минжийг голд нутагшуулахаар голын урсгал сайжирдаг. Яаж гэхээр Минж голын гольдрогийг хаагаад урсгал дээр нь далан барьдаг. Тэгэхээр усны түвшин дээшилдэг. Усны түвшин нэмэгдээд гол халина. Ингээд хавь орчин нь устай болж, эко орчинг бүрдүүлдэг. Тийм газар усны шувуу, ан амьтад цуглардаг.

 

-Нийслэлд эзэнгүй нохой олон байдаг.  Зэрлэг нохдыг агнахаас гадна өөр ямар арга хэмжээ авч  байна вэ?

 

Хүмүүс зун зуслан руугаа гарахдаа нялх гөлөг авч тэжээдэг. Намар болоод байрандаа орох болохоор арчилгаа, дуу чимээнээс нь төвөгшөөгөөд тэнд нь хаячихдаг. Ингээд зэрлэг нохойн тоо толгой ихсээд ирнэ. Тэр амьтан амьдрахын тулд ан хийж туулай, бор гөрөөс, тарвага, зурам барьж иддэг. Хүн хооллохгүй учраас тэр. Зэрлэг амьтад тэгэхээр зэрлэгшсэн амьтдын довтолгоонд ордог. Бор гөрөөс ялангуяа нохойд хөөгдөж, бэртэж гэмтдэг. Зарим нь идүүлдэг.

 

Эм нохойн үрийн шингэн дамжуулах сувгийн нь боож үржлийг нь зогсоодог. Дэлхийн олон улсууд энэ аргыг хэрэглэдэг. Манайх одоогоор хэрэглэж чадахгүй байгаа. Уг нь хамаагүй энэрэнгүй арга. Тэгээд цагийн аясаар цаг нь болоод цөөрнө. Харин манайх бол буудаж зэрлэгшсэн нохойн учрыг олоод байдаг.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Зуслан дээр байгаа гэрийн бор хулганыг яах вэ? аргаа барлаа шүү!!! зурам энэ жил маш багассан байх юм????
2020-07-26
зочин:
Хүндээ спираль тавьчихаад дараа нь нохойдоо тавиачээ
2020-07-25
Irgen:
hiih ajlaa olj yadaad degdeehii ch geh shig yamar mongol bish ni hogiin ium hiideg bna aa.
2020-07-24
degdeekhey geed mongolooroo zuw bicheech dee
2020-07-24