COVID-19: Шинж тэмдэг илрээгүй залуу хүмүүс вирус тархахад нөлөөлж байна
2020-07-27

Дэлхий даяар коронавирусийн халдварын шинэ дэгдэлт дахин бүртгэгдсээр байгаагийн дээр өмнө нь өвчлөлийн тоо харьцангуй бага байсан газар ч халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Тиймдээ ч хөл хорионы арга хэмжээг дахин чангатгах арга хэмжээнүүдийг олон орон авч хэрэгжүүлж байгаа юм.

 

Сүүлийн үеийн судалгаануудаас харахад халдварын дэгдэлт намжих төлөв ойрын үед харагдахгүй байгаагийн дээр залуу, өвчний шинж тэмдэггүй хүмүүс вирус тархахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн дүгнэлт гарчээ. 

 

Цахилгаан шатны бүхээг дэх халдвартай нэг хүн 71 хүнд халдвар тараажээ 

 

COVID-19 вирусийн халдвар авсан ч шинж тэмдэггүй байсан нэгэн эмэгтэй Хятадад байрныхаа цахилгаан шатанд хэдхэн минут зорчиж, энэ хугацаанд 71 хүнд халдвар тараасан тохиолдлын талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Энэ эмэгтэй гуравдугаар сард АНУ-аас БНХАУ руу буцсан бөгөөд тухайн үед коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан байна. Гэсэн ч тэрбээр тусгаарлалтын горимыг сахиж, энэ хугацаанд ердөө ганцхан удаа лифтээр зорчсон гэж өгүүлжээ. 

 

Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд саяхан нэгэн судалгаа хийсэн бөгөөд халдварын 3000 гаруй тохиолдлыг судалжээ. Судалгааны явцад халдварын тархалтын анхдагч эх үүсвэрүүд байж мэдэх 22 хүнийг олж тогтоосон байна. Тэднээс хоёр хүн тутмын нэг нь 20-39 насны залуус байсан гэнэ. Энэ нь эрдэмтдийг ихээхэн гайхшруулсан бөгөөд учир нь тодорхой хугацаанд Японд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын ихэнх нь 50-70 насны өвчтөнүүд байжээ. 

 

COVID-19 халдвар авсан америкчуудын гуравны хоёр нь 60-аас доош насныхан

 

Залуу хүмүүс коронавирус тархаахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг судлаачид онцолжээ. Киотогийн их сургуулийн вирус судлалын тэнхимийн доцент Юки Фурусегийн онцолсноор залуу хүмүүсийн ихэнх нь аливаа өвчин тусахад хөнгөн байдгийн дээр тэд бусдад халдвар тархаана гэдгээ мэддэггүй гэнэ. Түүнчлэн залуу хүмүүс ахмад настнуудаас илүү их зорчдог, халдвар авсан хүмүүстэй хавьталд орох боломж их, мөн залуу хүмүүс өөрсдийгөө эрсдэлд бага өртөнө гэж боддог тул халдвар тархаах нөхцөл болж байгааг эрдэмтэд онцолжээ.

 

Ийнхүү залуу хүмүүс өөрсдийгөө эрсдэлд бага өртөнө гэж бодож байх зуур тэдний дунд коронавирус илрэх нь улам нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, Америкийн Сиатл хотод авсан шинжилгээнүүдээр халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн тал хувь нь 20-30 насныхан байгаа аж. Харин АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д халдвар авсан оршин суугчдын 70 орчим хувь нь 60-аас доош насныхан байгаа аж.

 

Шинж тэмдэггүй, халдвар тээгчид хэр аюултай вэ?

 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Роберт Редфилд тавдугаар сард мэдэгдэл хийхдээ халдвар авсан хүмүүсийн 25 хувьд нь шинж тэмдэг илрэхгүй байх магадлалтай хэмээн мэдэгдэж байлаа. Харин Хонконг болон Их Британид хийсэн судалгаагаар халдвар тээгчдийн 50 орчим хувьд нь шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой нь тогтоогджээ. 

 

Гэхдээ, шинж тэмдэггүй, халдвар тээгчид халдварыг хэр их тараах, тэд коронавирусийн тархалтад хэрхэн нөлөөлж байгаа тал дээр эрдэмтэд хараахан нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Өвчний шинж тэмдэггүй хүнээс илүүтэйгээр шинж тэмдэгтэй өвчтөнөөс халдвар авах эрсдэл илүү өндөр гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

 

Амны хаалт -урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ 


Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор ихэнх хүмүүс амны хаалт зүүхээс татгалзах нь их болов. Гэсэн ч халдвараас  урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ нь бусадтай харилцахдаа зай барих, амны хаалт зүүх гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Германд хийсэн судалгаанаас харахад амны хаалт зүүх нь коронавирусийн халдвар авах эрсдлийг 40 хувь бууруулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин