ОХУ: Есдүгээр сарын нэгэнд бүх сургууль хэвийн хичээллэнэ
2020-07-28

Оросын дунд сургуулиудад хичээлийн шинэ жил есдүгээр сарын нэгний өдрөөс ердийн байдлаар эхлэх бөгөөд алсын зайн сургалт явагдахгүй гэж ОХУ-ын Гэгээрлийн сайд Сергей Кравцов мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулаа. 

 

 

Сайдын өгүүлснээр, Гэгээрлийн яам бүхий л дунд сургуулиудыг нээх, уламжлалт нээлтийн ажиллагаа зохион байгуулахад бэлтгэж байгаа гэнэ. Өмнө нь, долдугаар сарын наймны өдөр мэдэгдэл хийхдээ коронавирусийн цар тахлын улмаас есдүгээр сарын нэгний нээлтийн ёслолын арга хэмжээг өөр байдлаар зохион байгуулна гэж мэдэгдэж байв. Харин үүний дараа, нээлтийн ёслол урьдын адил болно, гэхдээ коронавирусээс сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн цохон тэмдэглэж байлаа. 

 

Есдүгээр сарын нэгний өдрөөс хичээлийн шинэ жилийг эхлүүлэхтэй холбоотойгоор сурагчид, багш нарын эрүүл мэндийг аюулд учруулахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг дээд зэргээр авч хэрэгжүүлнэ гэж Гэгээрлийн сайд мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Орос улс коронавирусийн халдварын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм. Сүүлийн хоногт тус улсад 5635 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол цар тахал эхэлснээс хойш нийт 818 120 тохиолдол 85 бүс нутагт бүртгэгдэж, 13 354 хүн нас барж, 603 329 хүн эдгэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин