Украин ОХУ-д эсэргүүцэл илэрхийллээ

Оросын Тэнгисийн цэргийн өдөрт зориулан зохион байгуулсан парадын улмаас Украины Гадаад хэргийн яам Киев дэх ОХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн нот бичиг илгээжээ.
Долдугаар сарын 26-нд "ОХУ түр хугацаанд эзлэн түрэмгийлсэн Севастополд зохион байгуулсан нь Оросын тал олон улсын эрхзүйн хэм хэмжээг дахин зөрчиж байгаа хэрэг" хэмээн Украины Гадаад хэргийн яам үзжээ. Түүнчлэн Севастополд болсон парадаар Орос улс "НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолууд болон Украины хууль тогтоомжууд"-ыг зөрчсөн гэж цохон тэмдэглэжээ.
Энд дуулгахад, ням гаригт Оросын Тэнгисийн цэргийн өдрөөр Крымийн хойгт байх Севастополь хотноо хөлөг онгоцны парад болсон юм. Парадад байлдааны хөлөг онгоцууд, тэр дундаа мина эсэргүүцэх "Иван Антонов" шинэ хөлөг онгоц, жижиг пуужингийн "Орехово-Зуево" хөлөг, тусгай зориулалтын "Иван Хурс" хөлөг, десантын хөлөг онгоц болох "Ямал" гэсэн хөлгүүд оролцсон юм.
Эргэн сануулахад, 2014 онд Украинд нийгэм, улс төрийн хямрал даамжирч, улмаар Украины олон бүс нутагт салан тусгаарлах үзэл даамжирсан юм. Улмаар Украины бүрэлдэхүүнд 1954 оноос багтаж байсан Крымд тус улсаас гарч, ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай бүх нийтийн санал асуулга явагдаж, Крымийн оршин суугчдын ихэнх нь Оростой нэгдэхийг дэмжсэн.
Харин энэ үйл явдлыг Украин болон олон улс ОХУ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан, Крымийн хойгийг эзлэн түрэмгийлсэн гэж үздэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ