COVID-19: Вьетнамын Хойан хотод хөл хорио тогтоов
2020-07-28

Жуулчдыг ихээр татдаг, Вьетнамын Кунгнам  мужийн эртний боомт хот болох Хоайныг коронавирус тархах аюултай гэж үзсэний улмаас бүрэн хаажээ. Хойан хотоос холгүйхэн орших Дананг хот болон хөрш зэргэлдээ Куангнгай мужид сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар шинээр бүртгэгдэх болсон тул хотын захиргаа мягмар гаригт дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

"Долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Хойан хот жуулчдыг хүлээн авахаа бүрэн зогсоож байна" гэж захиргааны мэдэгдэлд дурдаад, Хойан хотод байгаа жуулчид тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан  эрүүл мэндийн байдлын тухай бичиг бөглөх ёстой гэдгийг онцолжээ.

 

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хойан хот Вьетнамын аялал жуулчлалын гол газруудын нэгд тооцогддог. Жил бүр энэ хотод таван сая гаруй жуулчин ирдэгээс дөрвөн сая орчим нь гадаад орнуудаас зорин ирдэг байна.

 

Энд дуулгахад, Вьетнам улсад 99 хоног дотоодод халдвар бүртгэгдээгүй байсны дараа Дананг хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар дахин бүртгэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлээд өнөөдрийг хүртэл Дананг болон энэ хоттой зэргэлдээ орших Куангнгай мужид 15 тохиолдол бүртгэгджээ. Улмаар Вьетнамын эрх баригчид Дананг хотыг бүрэн тусгаарлах шийдвэрийг даваа гаригт гаргасан юм. Өнөөдөр буюу долдугаар сарын 28-наас эхлэн хоёр долоо хоногийн туршид агаар, авто тээвэр, төмөр замын тээвэр болон усан замын харилцааг бүрэн зогсоож байгаа юм байна.

 

Дананг хот болон ойролцоох мужуудад олон нийтийн арга хэмжээг хориглож, онцгой захирамж гарах хүртэл зугаа цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох, хүн олноор цугларсан газар амны хаалт зүүх, зай барих зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.

 

Эргэн сануулахад, Вьетнамд коронавирусийн анхны тохиолдол нэгдүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн. Үүнээс хойш нийтдээ 431 халдварын тохиолдол илэрснээс 365 нь бүрэн эдгэрчээ. Одоо 66 өвчтөн эмнэлгийн хяналтад байгаа бол гадуур хяналтад 11,8 мянган хүн байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин