Анхны халз барилдаанд Дейк илүүрхлээ
2020-07-29

 

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, 2018, 2019 оны дэлхийн 79 кг-ийн жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нарын халз барилдаан саяхан АНУ-ын Остин хотод болов.

 

Энэ нь чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд байсан дунд жингийн дэлхийн хоёр шилдэг бөхийн тулаан байлаа. Тэд энэ жилийн нэгдүгээр сард Италийн нийслэл Ромд болсон “Маттео Пелликонегийн нэрэмжит” тэмцээнд анх удаа таарах байсан ч Чамизо Европийн АШТ-д бэлтгэх гээд оролцоогүй. Харин америк эр Италид өрсөлдөгчдөө илт илүүрхсээр жиндээ тасархай түрүүлсэн билээ. Олны анхаарлыг татсан халз барилдаанд Токиогийн олимпод 74 кг-ийн жинд барилдахаар шулуудсан Дейк өрсөлдөгчөө 4:3-аар илүүрхэв. Дейк ирэх жил дотооддоо Жордан Барроузыг ялах аваас тэд Токиогийн олимпод дахин таарах магадлал өндөр юм.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин