COVID-19: Вакцин ямар үнэтэй байх вэ?
2020-07-29

 

Хүн төрөлхтөнд нүүрлэсэн цар тахлыг даван гарахын тулд дэлхийн олон оронд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин боловсруулж байгаа юм. Эдгээр вакцинуудын ихэнх нь төрөл бүрийн шатны туршилтын үе дээрээ явж байгаа бөгөөд тун удахгүй хэрэглээнд нэвтэрнэ гэж эрдэмтэд мэдэгдсээр байна. 

 

Дэлхий нийт вакцин гарахыг хүлээж байгаагийн дээр вакцины үнэ өртгийн талаар ихээхэн сонирхож байгаа. Үүний хариулт болгон улс орнуудын боловсруулж буй вакцинууд ямар үнэтэй байх талаар АНУ-ын Financial Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн биотехнологийн Модерна компани өөрсдийн боловсруулсан тарилгаа бусдаасаа хавьгүй өндрөөр үнэлж байгаа гэнэ. Энэ компани COVID-19 вирусийн өвчлөлийн эсрэг ийлдсийн нэг курс тарилга нь 50-60 долларын үнэтэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр тариа нэг курс болно, ингэснээр нэг тун нь 25-30 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. 

 

Financial Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжуудын мэдээлснээр дээрх компани боломжит худалдан авагчидтай хэдийнэ яриа хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд хүн амын орлогын түвшин өндөртэй орнуудад вакцинаа худалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Харин Германы BioNTtech компани нэг тун тарилгаа 19,5 доллараар үнэлсэн бол Британи, Шведийн хамтарсан AstraZeneca фирмийн вакцин нэг тун нь 3-4 доллар байх аж. 

 

Энд дуулгахад, АНУ-ын вакцин боловсруулагч компани коронавирусийн вакциныг турших "дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй" гурав дахь, төгсгөлийн шатандаа орсон гэж саяхан мэдэгдсэн. Энэ шатанд 30 мянга орчим сайн дурынхныг туршилтад оруулж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин