ЦУВРАЛ №1: Даргын шүүгээнд “дарагдаж”, жуулчдын хөлд дарлагдсан ХАТГАЛЧУУД
2020-07-29

“Х.Сандагдорж танаа” хэмээн цагаан дээр хараар бичсэн час улаан хавтастай, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын гарын үсэгтэй жуух бичиг хоймрын авдар дээр нь залаастай. Жуух бичигт “Байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж...” гэж бичжээ. Өвгөн “Яамнаас намайг шагнаад” гэж баярлах гэснээ больж яамандаа гомдож хоолой цэхэртүүлэхэд өнөөх баярын бичгийн үнэ цэнэ “хийсчихсэн”.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

“Шувуунаас өөр сүүдэр тусгах зүйлгүй онгон дагшин байгальтай, далай ээжийн хөвөөнд тоглож өслөө шүү дээ” хэмээн Х.Сандагдорж гуай санаа алдана. Тэр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Жанхайн эрэгт үе дамжин амьдарч буй уугуул иргэн, ахмад дайчин хүн. Түүний хань Л.Сүрэн гуай мөн л Тойлогтод төрж өссөн. Тэд 65 жил далайнхаа хөвөөнд нутаглаж суугаа буурлууд. Хэдэн үеэрээ энд л нутаглаж ирсэн хөгшид өнөөдөр “Хэзээ хөөгдөх бол” гэхээс баахан айх болжээ. Учир нь тэдэнд БОАЖЯ-наас олгосон газрын гэрчилгээ үгүй.

 

 

Хөдөөнийхөн амгалан хүмүүс. Тал дүүрэн малаа бэлчээж, тааваар амьдардаг хойно. Хэн, хэзээ хойно ирээд хашаа татаад газрыг нь өмчлөөд авчихна гэж санахав. Гэтэл далай дагасан аялал жуулчлал 2000 оноос хойш эрчимтэй хөгжсөөр Хөвсгөл далайд бизнес босгох, мөнгө олох боломжийг олж харсан сүйхээтэй нөхөд ёстой л хөлтэй нь хөлхөх, хөлгүй нь мөлхсөөр өнөөдөр Хатгал тосгон, Жанхайн нурууны орчимд 150-160 гаруй амралтын газар байгуулагджээ. Х.Сандагдорж гуайнх Жанхайн хойд хэсэгт том том дүнзэн байшин, гоёмсог хауснуудын арын жижигхэн буланд шахагдаж амьдарна. Саалийн дөрвөн үнээтэй. Тугалаа бэлчээх ч газаргүй болсон тул шургаагаар тойруулсан жижиг хашаандаа өдөржин өнжөөж, усална. Жанхай орчимд 50-60 гаруй малчин айл бий. Тэд бүгд л ингэж амьдардаг аж. Нарийн мал /хонь, ямаа/ бэлчих газаргүй болтол амралтын газрууд багшралдсан тул арга буюу зундаа хэдэн хонио айлд хөлсөөр хариулуулдаг гэнэ.

 

Х.Сандагдорж гуай Аялал жуулчлал хөгжилгүй яах вэ. Хэтэрчихээд байна. Унтаад л босоход том хашаа татчихдаг. Юу вэ гэхээр “БОАЖЯ-наас эрхийг нь авчихсан. Та нарт хамаагүй” гэнэ. Зах зээлээ дагаад аялал жуулчлал хөгжилгүй яах вэ. Гэхдээ нутгийн иргэд бид нэг л өдөр хөөгдөнө гэсэн айдастай сууж байна. Учир нь надад хүний өмнөөс үзүүлэх өвөлжөө хаваржааны гэрчилгээ байхгүй. Авах гэхээр олгохгүй байна. Хэдэн үеэрээ амьдраад ирж болсон. Гэтэл одоо л гэрчилгээ ав гэнэ. Авах гэхээр өгөхгүй. БОАЖЯ-нд гэрчилгээгээ авах гээд бичиг явуулахаар хариу ирдэггүй. Би бэлтгэл дайчин хүн. Манай хөгшин аварга малчин, Их хурлын депатат хүний үр удам. Бид энэ нутаг усанд л төрж өссөн уугуул иргэд. Нүүе гэсэн ч бидэнд очих газар алга. Нутаг минь энэ шүү дээ. Бидэнд цахилгаан хэрэгтэй л байна. Бид ч бас хөгжил, дэвшлийн зах үзмээр байна шүү дээ. Дөнгөж хаяагаар цахилгааны шон босгоод дөрвөн жил өнгөрлөө. Хөгшин би ч бас угаалгын машинаар гар амар хувцас угаахыг хүсэх л юм” хэмээн учирлалаа.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Харин Л.Сүрэн гуай “Нэг ч байшин барилга байгаагүй. Далайн тээвэр, морин чаргатай нэгдлийн тээвэрчид л явдаг байсан. Цэнгэг сайхан нууртай, цэвэр сайхан байгальтай байлаа. Сүүлийн жилүүдэд далай маш их бохирдож байна. Чулуунууд нь шавар, замгаар бүрхэгдсэн байгаа. Шуудайлаад хаясан задгай хог зөндөө бий. Завь явснаас болдог юм уу усанд нь шар тунадас үүсэх болсон. Ийм болчихсонд би маш их харамсдаг. Хог новш ярих юм биш. Тоосжилт, олон машин, хүний хөдөлгөөн замбараагүй. Жуулчид дуртай газраа гал түлнэ, усанд хувцастайгаа орно. Эмэгтэйчүүд шампунь, саван барьчихсан үсээ угааж ч харагддаг. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд амралтын газрууд л нэмэгдээд байна. Малчдыг огт хайхрахгүй юм. БОАЖЯ шинэ сайдтай боллоо. Нутгийн уугуул иргэд бид газрын гэрчилгээгээ л авмаар байна, сайд аа” гэх гуйлтыг дайлаа.

 

Гэрчилгээ гэх алга дарамхан цаасны ард асуудал их бий бололтой.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Урьд нь Хөвсгөлийн эрэгт малчид заавал гэрчилгээтэй үгүй амьдрах эрх нь байв. Харин одоо Тусгай хамгаалалттай газарт амьдрах, үйл ажиллагаа явуулахын алинд ч БОАЖЯ-наас зөвшөөрөл авах ёстой. Х.Сандагдорж гуайнх газрын гэрчилгээгээ авч мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд хөөгдөхгүйн тулд эхлээд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттын захиргаанд “Би гэрчилгээтэй болмоор байна” гэдэг хүсэлт гаргана. Хүсэлтийн дагуу тус газраас нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээний дүгнэлт зэргийг гаргаж “Энэ хүн энд амьдарч болно. Зөвшөөрөл өгөхөд асуудал үгүй” гэсэн саналыг БОАЖЯ-нд хүргүүлнэ. Яамны экспедиц Х.Сандагдорж гуайд гэрчилгээ олгох эсэхийг шийднэ. Энэ хариу тийм ч хурдан эзэндээ буцаж ирдэггүй талаар нутгийн уугуул иргэд ярьж байна.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Жанхайд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-II” гэр буудлын захирал, Хатгал тосгоны уугуул иргэн Ш.СолонгоБи энд  2000 оны эхээр дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Гурван жил хөөцөлдөж байж 0.8 га газрынхаа зөвшөөрлөө саяхан наадмын өмнөхөн гаргаж авсан. Маш олон шат дамжлага дамждаг. Анх 170 гаруй хүн газрын гэрчилгээгээ авах өргөдөлд нэрсээ бичүүлж байсан. Үүнээс гарын таван хуруунд хүрэхтэй үгүйтэй хүн зөвшөөрлөө гаргуулж чадсан. Зөвхөн яамны зөвшөөрөлтэй нь л энд тэсч үлдэнэ. Зөвшөөрөлгүй нь газраа хураалгана. Орон нутгийн зөвшөөрөл гэж байдаг. Энэ нь яамны зөвшөрөөл биш учраас хүчингүй. Тийм учраас л яамны зөвшөөрөл нутгийн иргэдэд нэн хэрэгтэй байгаа юм. Зөвшөөрөлгүй гадны иргэд ч зөндөө байна.

 

Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хуульд харшлах эсэх, давхцал, ариун цэврийн бүст байгаа эсэхийг шалгаад БОАЖЯ-нд иргэдийн гэрчилгээгээ авах хүсэлтийг хүргүүлэх ёстой ч энэ байгууллага хөдөлж өгдөггүй. Энэ газар хүсэлт гаргаж өгөхгүй байгаа учраас яаманд хандах боломж гарахгүй байна. Эвсэл танай газарт гэрчилгээ олгож болохгүй гэсэн хэр нь өөр хүмүүст зөвшөөрөл олгочихдог” гэж ярилаа.

 

Хөвсгөл нуурын эрэгт тулгаж барьсан цагаан хашааг энэ нутгийнхан “домог” болтол ярьж байгаа гэнэ. Хөгшин ээж нь нас бараад хүүхдүүд нь хот явсан хойгуур хашаанд бариастай таван ханатай гэрийг нь хүчээр буулгаж нүүлгээд айлын зуслангийн газрыг хашаа татаад авчихсан дээрэнгүй явдал Ц.Оюунхорол сайдын үед гарчээ.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Энэ мэт хууль бус шийдвэр Хатгал тосгон дахь “Жаргалан” дэлгүүрийн эзэн В.Пүрэвсүрэнд ч үйлчилжээ. Тэрбээр “2013 онд нуурын хамгаалалтын бүсээс нүү гэдэг шийдвэр гарсан. Нүүсэн. Гэтэл биднийг хууль зөрчлөө гэж холдуулж нүүлгэсэн хэр нь том том байшнигуудтай амралтын газрууд байранд нь баригдсан. Энд ямар хууль үйлчлээд байгааг ойлгохгүй байгаа. Бас майхантай хүмүүсийг зөвшөөрлийг нь өгөөд оруулаад байгаа. Тэр хүмүүс хөрс тахалж л таарна. Би 1999 оноос хойш 21 жил үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн гэрчилгээ л бидэнд өгдөг. Түүнээс яамны гэрчилгээ өгдөггүй. 2008 оноос яамны гэрчилгээ хөөцөлдөж эхлээд шантраад орхисон. Орон нутгийн тусгай хамгаалалттай газраас саналыг нь гаргаж яаманд өгдөггүй. Бас гэрчилгээ гаргуулахад маш их мөнгө төл гэдэг. Түүнийг нь төлж хүч хүрдэггүй” гэлээ.

 

Нутгийн иргэдийн гэрчилгээ гаргуулах хүсэлт Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас цааш явдаггүй болохыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрж, өссөн Ө.Ариумаа хэлж байна. Тэрбээр мөн л Хатгал тосгоны хувиараа бизнес эрхлэгч.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Яамны зөвшөөрөлтэй гэх нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт амралт, байшин барих гэж маш олон хүн дайрдаг болсон. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд гаргадаг. 10-20 жил яамны гэрчилгээ хөөцөлдөж байгаа хүмүсийн бичиг баримт одоо болтол яаманд очоогүйг мэдсэн. Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газарт очоод гацчихдаг юм байна. Би 2016, 2012 онд хүсэлт өгч байсан. Тэр хүсэлтийн санал цаашаа яам руу шилжих байтал тэнд гацсан юм билээ. Жил бүрийн хавар хүсэлтийн хариугаа эргэж очиход болоогүй, бүтээгүй, дараа ир, санал өгөх боломжгүй болсон, яам цуцалсан зэрэг хариу өгдөг байсан. Гэтэл нэг өглөө л Сономпил гэдэг хүн Хөвсгөлийн Хатгал тосгоны байцаагч Батбаяр гэдэг хүн зөвшөөрөл өгсөн гээд Хайчын аманд 5 га газар авахаар хашаа татаж эхэлсэн. Яамны гэрчилгээтэй гэхээр нь үзтэл хүчин төгөлдөр биш, хавсаргасан материал байхгүй канондсон бичиг үзүүлсэн. Батбаяр байцаагч болон Тусгай хамгаалалттай газрын удирдлагууд наад айлууд чинь ямар ч гэрчилгээгүй. Тийм учраас та нар авч болно гэж хэлсэн гэж тэр хариулсан.

 

Гэтэл тэр 5 га газарт хоёр ч айл амьдарч байгаа шүү дээ. Малчин айлын таван ханатай гэрийг тойруулаад хашаа татчихаж байгаа юм. Бид тэмцсэн, 30-уулаа очиж хашааг буулгасан.

 

Үүнээс гадна 2016 онд Халамжийн амралт байгуулагдах үед би тэнд газар авах хүсэлтээ гаргаад гэрчилгээ гаргуулах гэтэл “Давхцалтай байна. Чи хашаа, байшингаа авах ёстой. Улсын ажлыг чи хийлгэ, улсын ажил цалгардууллаа” гээд намайг хөөсөн. Мөнгө төгрөг, эд материал, сэтгэл санаагаараа тухайн үед үнэхээр хохирч байсан. Хөлөө хүрэх газраа явсаар амралтын газрын цаад талд газар олж авсан. Нэг сонин зүйл нь амралт байгуулагдахад Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Дуламжав, тухайн үеийн сайд С.Эрдэнэ нар газар авдаг юм билээ. Одоо энэ Халамжийн амралтад ахмад настнууд гэхээсээ илүү өвлийн цагт бол жуулчид хүлээн авдаг. Ахмад настнуудыг сувилалд амраана гэсэн хэр нь гадны жуулчдыг хоногийн 60-70 мянгаар амрааж байсан” гэж ярьсан.

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2020.06.01/ олон улсын “Найрамдал-II” зуслан байгуулах тогтоолыг баталсан. “Найрамдал-II” зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт барихаар төлөвлөж буй. Зуслан нэрийдлээр эрх мэдэлтнүүд Хөвсгөлийн зүүн эргийг хуваагаад авчих вий гэдгээс болгоомжилж байгаа тухайгаа Ө.Ариумаа хэлж байлаа.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Нутгийн иргэдийн газрын гэрчилгээ авах хүсэлт хаана гацдаг, гэрчилгээ гэх энэ алга дарамхан цаасны цаана ямар ашиг сонирхлын зөрчил буйг  нэхэн сурвалжилна.

 

Үргэлжлэл бий...

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uuniig bichigch ta Dalai Nuur 2oo ehleed yalgaj sur, Mongold dalai baihgui, ta delhiin gazriin zurag uzne uu
2020-08-10
Хөвсгөл аймгийн газрын албыг шалга:
Ганзориг,Нямбаяр гэх нөхөр бол дарга нарын гао хөл ш дээ.Ямар ч мэдэлгүй пппппппдаааааа
2020-08-07
Зочин:
Ийм цаг үед амьдраад бгаа.Олон жил бгаад ч авч чадахгй бна даа.Мөнгөтэй нь дор нь авах юм даа
2020-08-07
хэн нэгэн мѳнгѳтэй худлаа шаасан гар дураараа газар авч болдог уугуул иргэд болохоор болдоггүй тэ новш!
2020-08-04
Иргэн:
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд өмнө нь хууль бус зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй гадны иргэдийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж өөгшүүлсэнээс даац хэтэрч замбараагаа алдсан..eрөөсөө газар зарсныг нь цомхотгоод нутгийн малчин,хууль номоороо зөрчилгүй олон жил ажиллаж байгааг нь дэмжээд явахад цөөхөн хүн л гэрчилгээ авна.тэр нь шудрага..газрын наймаа эрхэлсэн хүмүүс хэлэх үг байхгүй шүү дээ
2020-08-04
Зочин:
Хатгал гэлтгүй Мөрөнгийн урд уул аймгийн ЗД битгий өг гэсэн гээ л өөрсдөө модоор нэг байшин барьж, барьж бгаа хүмүүс нь мат дутахаараа хажуунаасаа зулзган мод тайраа л хийчихдэг дураараа нөхдүүд бнаа. Хуулиас давсан ЗД ын аман шийдвэрээр өчнөөн жил газраа авч чадахгүй л бна, хэзээ хууль гэдэг юманд захирагдаж сурах юм бол
2020-07-29
Зочин:
Хатгал 10 жилийн өмнөхөөсөө дор болсон байна лээ. Золбин нохойн сүрэг явж байгаа юм чинь
2020-07-29
zochin:
Сая Хөвсгөлийн Хатгал орсон. Арай дэндүү хоцрогдсон байнаа. Хөвсгөл аймгийн Засаг дарга аялал жуулчлалаа хөгжүүлэх юу хийдэггүй, сэтгэлгүй гэдэг нь харагдаж байна лээ. Уг нь дотоодын аялагчид энэ аймагт орлого оруулаад явж байгаа шүү дээ.
2020-07-29