Эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй болгох төсөл дээр 35 орон хамтарч байна
2020-07-29

Франц улсад олон улсын туршилтын термо цөмийн реактор угсрах ажил эхэлжээ. Энэ төслийг Европын холбоо, Орос, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, АНУ хамтран хэрэгжүүлж байгаа юм. "Хиймэл нар" гэж нэрлэж болохуйц энэхүү реакторыг бүтээх санаа өнгөрсөн зууны дунд үеэр Курчатовскийн хүрээлэнд гарчээ. Төслийн үр дүнгээр эрдэмтэд болон инженерүүд үйлдвэрлэлийн хэмжээгээр хямд, аюулгүй термо цөмийн эрчим хүч гарган авах боломжтой гэдгийг практик дээр батлах юм байна. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, Францын Кадараш хотод хэрэгжиж буй энэхүү төслийн хамгийн чухал, хариуцлагатай үе шат болох реакторын зүрхийг угсрах ажил өчигдөр эхэлжээ. 

 

Энэхүү ажил эхлэхтэй холбоотойгоор оролцогч орнуудын төрийн тэргүүнүүд цахимаар ёслолын ажиллагаанд оролцон, мэндчилгээ илгээсэн байна. Нутаг дэвсгэр дээр нь төсөл хэрэгжиж байгаа орны хувьд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон видео илгээлт хүргүүлжээ. 

 

"Түүхэнд чухал алхам хийхийн тулд улс орнууд өөр хоорондын санал зөрөлдөөнийг даван гарч, хамтран ажиллах үе гэж бий. ITER бол ийм алхмуудын нэг байлаа. АНУ, Орос, Хятад, Япон, бүх Европ хүн төрөлхтний сайн сайхны тулд хамгийн шилдэг шинжлэх ухааны ололтуудаа зориулж буй энэ төсөл бол энх тайвны баталгаа юм. Бидэнд санал зөрөлдөөнөөс гадна биднийг нэгтгэх өөр зүйл байдгийн баталгаа нь ITER. Энэ төслийн оролцогч 35 орны олон мянган эрдэмтэн өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Орос улс гэхэд л технологи, супер дамжуулагч, супер тэсвэртэй кабелийг нийлүүлж байгаа" хэмээн мэдэгджээ. .

 

ITER нь үйлдвэрлэлийн хэмжээгээр эрчим хүч гарган авахын тулд термо цөмийн урвалыг ашиглах боломжийг батлах анхны өргөн цар хүрээтэй оролдлого болох аж. Төсөл хэрэгжсэнээр хүн төрөлхтөн эрчим хүчний шавхагдашгүй эх үүсвэртэй болох боломжтой гэж эрдэмтэд онцолжээ. Онолын хувьд термо цөмийн синтез нь эрчим хүчний шавхагдашгүй эх үүсвэр аж. Хэдхэн грамм ус төрөгчийн түлш олон мянган өрхийг дулаан, цахилгаанаар хангахад хангалттай бол хан боргоцой шиг хэмжээтэй нэг түлш 10 мянган тонн нүүрсийг орлох боломжтой гэнэ.

 

Өнөөгийн дулааны болон атомын цахилгаан станцаас ялгаатай нь термо цөмийн реактор нь хүлэмжийн хийн хаягдлаар агаар мандлыг бохирдуулахгүй мөн хортой цацраг идэвхит хаягдал үлдээдэггүй аж. Төслийн оролцогчид ITER бол туршилтын реактор гэдгийг онцолж байгаа бөгөөд энэ нь термо цөмийн цахилгаан станц биш харин физикийн туршилтын талбай юм байна. Гэхдээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал энэ туршилт манай гаригийн бүхий л эрчим хүчний ирээдүйг тодорхойлно гэдгийг эрдэмтэд онцолжээ.

 

Энд дуулгахад, энэхүү төслийн санаа Зөвлөлтийн үед гарчээ. Тодруулбал 1985 онд Курчатовскийн хүрээлэн олон улсын төслийг эхлүүлсэн байна. Төслийн гол хөдөлгөгч эрдэмтэн болсон Евгений Примаков олон улсын түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлхий нийт дэмжсэн байна. Улмаар 1990-ээд оны сүүлээр Владимир Путин Парист эцсийн хэлэлцээрт гарын үсэг зурж, цаашлаад тендер, барилгын ажил эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зүрхэвч гэх гэсэн байлгүй дээ.
2020-07-29
Курчатовын хүрээлэн
2020-07-29