ВИДЕО: "МИАТ"-ийн тийзний үнэ буурч байгаа
2020-07-29

 

Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх тусгай нислэгийн хуваарийн талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

 

 

-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа иргэд нутаг буцах хүсэлт гаргасан. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэнтэй Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэр гаргасан. Энэ онгоц нь 170 хүний суудалтай. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэдийн тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа.

 

Тусгаарлах байрны багтаамжаас шалтгаалан наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Мөн 51 улсын 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Бид наймдугаар сард үйлдэх тусгай нислэгээр эдгээр иргэдийн 20-40 хувийг багтаан авч явах төлөвлөгөөтэй байна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

 

 

-Гадаадад байгаа Монголчууд тухайн орноосоо онгоц гаргаад ирэх боломжтой юу?

 

-Тайваниас гадна Польш, Унгар, Чех, Малайз зэрэг орноос онгоц түрээслээд ирэх хүсэлт ирж байсан. Тухайн улсын авиакомпанийн үнийн саналыг хүлээж аваад дотоодын авиакомпани болор МИАТ-тай харьцуулахад МИАТ-ын тийз хямд байгаа. "МИАТ"-ийн онгоцонд мэргэжлийн хүмүүс ажиллаж, карантины журамд шилжиж, онгоцонд халдвар нэг хүнээс нөгөөд тараахгүй байхад анхаарч ажилладаг.

 

-"МИАТ"-ийн тийзний үнэ үндсэн тарифаасаа өндөр байна гэж иргэд шүүмжилж байгаа. Энэ талаар?

 

-МИАТ-аас өгч буй мэдээллээр тийзийн үнэ буурч байгаа. Энэ удаад АНУ руу хийж буй нислэгийн тийзийн үнэ өмнөхөөс 400 орчим мянган төгрөг, Сөүл рүү хийж буй нислэг 200-300 орчим мянган төгрөгөөр хямдарсан гэсэн мэдээлэл өгсөн. Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгосон зүйл байхгүй.

 

-Гадаадад байгаа иргэд суулт зарлаж байна. Энэ нь хоёр орны харилцаанд ямар нэгэн нөлөө үзүүлж байна уу?

 

-Суулт зарлаж байгаа асуудал гарч байгаа. БНСУ, АНУ, Унгар зэрэг оронд монголчууд суулт зарлаж байна. Иргэд өөрсдийн эрхийн төлөө жагсаал зохион байгуулах нь нээлттэй. Тухайн орныхоо хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээх эрсдэлтэй байдаг. БНСУ-ын хувьд онгоцны буудал дээр ийм үйлдэл хийж болохгүй гэж өмнө нь анхааруулж байсан.

 

-Хичээл эхлэх болсонтой холбоотойгоор гадаадад, тэр дундаа БНХАУ-д сурдаг оюутнууд хэзээ сургуульдаа явах бол?

 

-Хичээл сургууль эхлэх дөхөж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Гадаадад сурдаг оюутнуудын асуудал бий. БНХАУ-д манайхаас 12 мянга орчим оюутан сурдаг. Эдгээр оюутнуудын дийлэнх нь ирсэн.

Монголд амьдардаг, ажилладаг, Монголд ирэх хүсэлтэй байгаа гадаадын иргэдийг аль болох шат дараатай хилээр нэвтрүүлэх чиглэлийг баримталж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Dulaanii ulirald mongol irgedee tulhuu tatan avaachee. Amralt juulchnii baaz suvilal zuslanguudaa ashiglaach
2020-07-29