Б.Ууганцэцэг: Эерэг хүмүүжилтэй эцэг, эх хүүхдэдээ гар хүрдэггүй
2020-07-30

 

Хүүхдийн хүмүүжлийн талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

 

 

-Сэтгэл зүйн зөвлөгөө гэх ойлголт манайд танил болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Гэтэл манайд сэтгэл зүйчид хандах дадал тогтоогүй байгаа. Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө авдаг уу?

 

-Манай төв дээр 3-18 насны хүүхдүүд ирдэг. Нас насны онцлогоос хамаараад олон төрлийн асуудлууд байдаг. Бага насны хүүхэд бол анхаарал нь төвлөрөхгүй байна. Өсвөр насныхан бол харилцааны бэрхшээлтэй, хүсэл сонирхол, зорилгоо зөв тодорхойлж чадахгүй байгаа зэрэг асуудлаар хандаж, зөвлөгөө авдаг. Эдгээр асуудлууд нь хүүхдийн нас насны онцлог, цаашлаад хүйсийн ялгаанаас хамаардаг. Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг ойлгож сайтар ярилцах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн талаар эрдэмтэн судлаачдын бичсэн номыг уншиж судлах хэрэгтэй.

 

-Коронавирус, цаг үеийн асуудлаас үүдэн хүүхдүүд гэртээ байгаа. Энэ нь  нэг талаараа гэр бүлээрээ олон цагийг хамт өнгөрөөх боломж бий болгож байгаа ч нөгөө талаараа хүүхэд нэг орчинд удаан байх нь сөрөг үр дагавартай юу?

 

-Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт байхдаа өглөөнөөс орой хүртэл цагаа нарийн төлөвлөхгүй ч өдрийн гурван хэсэгтэй байх нь зүйтэй. Өглөө, өдөр, орой юу хийх ёстой гэдэг ерөнхий зааварчилгаагаагаа гэр бүлээрээ тохирох хэрэгтэй. Ингэж ярилцаж, хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд  анхаарах нь зүйтэй. Залуу эцэг эхчүүд маань тэвчээртэй байх хэрэгтэй. Өөрөө хүмүүжил, сахилга баттай байх нь чухал.

 

Хүүхдэд “шошго” хадахгүй байх хэрэгтэй

 

-Залуу эцэг, эхчүүд туршлагагүйгээсээ болоод хүүхдээ барьцаатай үйлдэл хийхэд сургадаг. Жишээ нь  даалгавраа хийвэл утсаар тоглуулна, уйлсан үед нь утас өгнө. Ийм асуудалтай эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Энэ бол эцэг, эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс төвөгшөөх, тайлбар хийхийг орхигдуулж байгаатай холбоотой. Тухайн цаг мөчийг аргалж өнгөрөөж байгаа хэрэг. Хэрэв залуу эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс татгалзсаар байвал тухайн хүүхэд цаашид хийх зүйлс, асуудлын талаар  бодож чадахаа больдог.

 

Хүүхдэдээ зарцуулж байгаа чанартай цаг бол дараагийн гарч болох эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ хооронд нь харьцуулдаг. Үүний үр дагавар?

 

-Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүн бүр өөр өөр байдаг. Тийм учраас хүүхдүүдийг хооронд  харьцуулж ярихыг хязгаарлахыг эцэг эхчүүдээс хүсдэг. Яагаад гэвэл хүүхдүүд маш эмзэг тусгаж авдаг. Судалгаагаар хүүхэд бага ангид байхдаа олон удаа сонссон шинж чанараараа хүмүүждэг болох нь тогтоогдсон. Тухайн хүүхэд эцэг эх, хэн нэгний тодорхойлсон шиг биш байгаа ч олон удаа сонссон давтамжаараа хүмүүждэг. Жишээ нь: өөртөө итгэлтэй сэргэлэн гэж хэн нэгнээр тодорхойлуулахад хүүхэд тухайн шинж чанараа өөрөө өөртөө авч явдаг. Харин сөргөөр, доожоо муутай, удаан гэхэд хүүхэд тухайн байдлыг дагах хандлагатай байдаг. Үүнийг хүүхдэд “шошго” хадахгүй байх гэж хэлдэг. Хүүхдийн хүмүүжил 24/7 буюу тасралтгүй байдаг. Та хүүхдээ сайн хүмүүжүүлбэл насан туршдаа сайн хүн, сайн иргэн байна. Гэтэл хүүхдэдээ цаг гаргаж чадаагүйгээсээ болж, хэрэгт холбогдох, асуудал үүсгэхэд сүүлд нь эцэг эхчүүд харамсдаг.

 

-Нэг айлын хүүхдүүд  ч гэсэн  хүүхдүүдэд тус тусад нь цаг гаргах хэрэгтэй юу?

 

-Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, сэтгэл зүйн байдал, авьяас чадвартай. Тиймээс эцэг, эхчүүд тусад нь цаг гаргах нь зүйтэй.

 

-Хүүхэд бол эцэг эхчүүдийн тусгал. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд ам зөрөх, эсвэл архидан согтуурдаг. Энэ байдал хүүхдийн хүмүүжилд  хэрхэн нөлөөлөх вэ?  

 

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд хийж байгаа үг үйлдэлдээ анхаарч байх шаардлагатай. Мөн асуудлуудыг 3-аас дээш насны хүүхдүүдэд тайлбарлахад ойлгодог.  

 

 

Аядуу зөөлөн өнгөөр өөрийнх нь харааны түвшинд хүрч харилцаарай

 

-“Хайр дотроо хал нь гаднаа”, хэлээд ойлгохгүй бол махан биенд нь ойлгуулна ч гэж ярьдаг. Энэ үйлдэл нь хүүхдийн хүмүүжлийн арга барил мөн үү?

 

-Хүүхдэдээ гар хүрэх нь хүмүүжлийн арга барил биш юм. Харин ч хүчирхийлэл, залхаан цээрлүүлэлт болдог. Зарим эцэг эхчүүд “Би багадаа ээж ааваараа зодуулаад муудаагүй” гэж хүүхдэдээ гар хүрдэг. Энэ нь тухайн эцэг эхийн буруу хүмүүжлээр хүмүүжсэний илрэл юм.

 

Эцэг эхчүүдийн энэ буруу  арга барил нь  аливаа асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэж шийдвэрлэх хэрэгтэй гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүлдэг. Үүнээс болж хүүхдүүд асуудал тулгарвал  хүчээр шийдэхийг илүүд үздэг. 

 

-Хүүхэд алдаа гаргаж, буруу зүйл хийхэд зэмлэдэг. Гэтэл тухайн хүүхдийн үйлдэл нь  яагаад буруу эсвэл зөв гэдгийг тайлбарладаггүй шүү дээ?

 

-Тийм. Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ, яагаад тухайн зүйлийг хийх ёстой, хийж байгаа үйлдэл нь буруу эсвэл зөв гэдгийг мэддэггүй.  Тиймээс эцэг эхчүүд хүүхэд алдаа гаргавал тухайн зүйлийг хийх нь яагаад буруу байсан, ямар алдаа гаргасан гэдгийг нь тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгснээр хүүхэд алдаагаа давтахгүй. Хэрвээ дахин дахин давтаад байвал та ойлгуулах арга хэлбэрээ өөрчлөөд үзэх хэрэгтэй. Аядуу зөөлөн өнгөөр өөрийнх нь харааны түвшинд хүрч харилцаарай.

 

-Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрийн өссөн цаг үеийн хүмүүжлээр хүмүүжүүлэх гэж хичээдэг. Өнөө үед хүүхдүүдээ ямар арга барилаар  хүмүүжүүлбэл зүйтэй вэ?

 

-Тиймээ эцэг, эх өөрийн хүмүүжсэн арга барилаар өөрийн хүүхдээ байгаасай гэж хүсэж төсөөлдөг нь нийгмийн, сэтгэл судлалын, сурганы судалгаанаас харагддаг. Гэвч сургалт - хүмүүжил гэдэг ойлголт 1990 оноос Монгол Улсад хойш хамт байхаа больж сургалтын үйл ажиллагааг чухалчилсан. Нийгэм хүмүүжил гэх ойлголтыг гээснээр эцэг, эхчүүд сургалтын үйл ажиллагааг эрхэмлэх болсон. Тиймээс хүүхдийнхээ хүмүүжилд эцэг, эх өөрсдөө голлох үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарсан. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм, өрх бүл, сургалтын байгууллага энэ асуудалд гол анхаарлаа хандуулаагүйн гороо бид өнөөдөр амжсаж байна гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн нийгэмд хүмүүжил төлөвшилтэй, боловсрол мэдлэгтэй, зөв хандлага, харилцаатай хүнийг эрхэмлэх болжээ.

 

Хүүхдийн эрхийн конвенцид эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ тусламж, дэмжлэг авах хэрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ “хүмүүжлийн эерэг арга”-аар хүмүүжүүлэх хэрэгтэй.  

 

-Тэгвэл хүүхдийн хүмүүжлийн эерэг аргад юу юу багтах вэ?

 

-Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга номын зохиогч, сэтгэл судлаач доктор Жоан Е.Дюррант хүүхдийн хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг аливаад суралцагчийн хувьд хүч үл хэрэглэн хүндэтгэн харилцах арга зам бөгөөд хүүхэд амжилт гаргахад нь тус нэмэр болох түүнд хэрэгтэй мэдээлэл олж өгөх, түүний өсөлт хөгжилтийг дэмжин тэтгэх сургалтын арга барил гэсэн байдаг. Тиймээс хүмүүжлийн үйл явц хүчирхийлэл, дарамтгүй, тухайн тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг чухалчилсан хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурласан байна. Эерэг хүмүүжлийн аргын хамгийн чухал зүйл нь асуудлыг зөвөөр шийдвэрлэж сурах юм. Сайн сайхан хүнийг, иргэнийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэхдээ:

 

Нэгдүгээрт: Хүүхдээ ирээдүйд  ямар хүн болоосой гэж хүсэж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнийг эцэг эхийн холын зорилго гэх бөгөөд үүнд эцэг эхчүүдийн зүгээс өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв илэрхийлдэг, үнэнч шударга, бусдыг хүндэлдэг, нийгэмдээ тустай зөв хүн болгох зэрэг маш олон жагсаалт гардаг. Хэрэв ирээдүйг нь зөв тодорхойлсон бол бага наснаас нь  бэлтгэх хэрэгтэй. Багаас нь бэлтгэхийн тулд та өөрөө ямар хүнийг бий болгох гэж байгаагаа сайтар эргэцүүлэн бодоорой, болж өгвөл бичвэл бүр сайн.

 

Хоёрдугаарт: Хүүхдэдээ элэгсэг дотно харилцах, зөв дэмжлэг үзүүлэх. Тухайн хүүхдийн  нас, биеийн онцлогт нь  тохирсон зөв дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх дэмжлэгийг материаллаг талаас хардаг. Гэтэл хүүхдэд сонсох, ойлгох, ярилцах, асуулт асуухад нь  анхаарал хандуулах хэрэгцээ дутдаг. Нөгөө талаас хүүхэд урмаар дутаж байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдал, засах ёстой зүйлсийг нь сайн мэддэг ч сайн чанарыг нь урамшуулж, дэмждэггүй. Хэрэв урамшуулж, дэмжлэг үзүүлбэл хүүхэдтэйгээ ойлголцоход хялбар болдог.

 

Гуравдугаарт: Мэдээлэл олгох арга барил. Ингэхдээ  хүүхдийнхээ насны  онцлогт тохирсон мэдээлэл өгөх нь зүйтэй. Ялангуяа 3-6 насны хүүхдүүд ээж ааваасаа олон зүйлийг асуудаг. Түүнийг тухайн цаг бүрт нь мэдээллээр хангаж чадаагүйгээс болж, эцэг, эхдээ итгэх итгэл нь сулардаг. Цаашлаад өсвөр насандаа зөв зүйтэй мэдээ мэдээллийг  аваагүй хүүхдүүд дуугай, дотогшоогоо хүн болдог. Холын зорилгыг нь тодорхойлсон бол зөв мэдээллээр хангах хэрэгтэй.

 

Дөрөвдүгээрт: Асуудал шийдвэрлэх. Энэ нь хүүхдэд тохиолдож болох бэрхшээлтэй нөхцөл байдлын талаар ярилцахдаа учир шалтгааныг таниулан ярих юм.

 

-Зарим эцэг эхчүүд өөрийн гаргаж чадаагүй амжилтаа хүүхдэдээ тулгадаг. Хамгийн мундаг нь байх ёстой гэсэн шаардлага тавьсанаар тухайн хүүхдэд дарамт үүсдэг. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ холын зорилгыг тодорхойлохдоо өөрийн зорилгыг, хүүхдийнхээ зорилго болгож дарамт үүсгэдэггүй  гэж үү?

 

-Хүүхдийнхээ холын зорилгыг тодорхойлохдоо хүсэл сонирхол, сэтгэл зүй болон биеийн онцлогт тохирох эсэхийг харгалзана. Тухайн хүүхдийн онцлог, бодлыг нь харгалзахгүйгээр  өөрийн гаргаж чадаагүй амжилт, өөрийн хүсэл сонирхлыг тулгах нь хүүхдэдээ дарамт бий болгож байгаа хэрэг.  

 

-Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

 

-Хүүхдийг Ивээх Сангаас эцэг эхчүүдэд зориулан “Хайраар үлгэрлье” аян явж байгаа бөгөөд энэ аянд нэгдэж хүмүүжлийн эерэг аргын талаар олон чухал, сонирхолтой мэдээлэл аваарай.

 

-Ярилцсанд Баярлалаа. Амжилт хүсье.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Hun uhen uhtelee suraltssaar bdag. Huuhduudee humuujuuleh gj uuruu bas humuujdeg ym bna. Buh huuhduud aav eejuudiin huvid anhnii tom huuhed anhnii dund huuhed anhnii otgon huuhed. Ter bolgond uursduu bas humuujigdene dee hehe
2020-08-11
Зочин:
Би тэгвэл өөрийгөө сайн хүмүүжилтэй гэж хэлж болох л юм байна.
2020-07-31