Д.Нямхүү: 520 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-07-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 16 сая 858 мянган хүн халдвар авч, 665 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 215 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 277 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 198 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 2616 хүн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн эмч ажилчид ажиллаж 6000 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийжээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 119 дугаарын утсанд 158 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  дөрвөн  дуудлага ирсэн.

 

АНУ-д 59800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бразил улсад 69000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ.   БНЭУ-д 48500 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. БНСУ-д 18 шинэ тохиолдол  нэмж бүртгэгджээ. Япон улсад 1264 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д 105 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 102 нь дотоодын халдвар байгаа аж.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн   хоёр нислэгээр  ирсэн 439  хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, найман эмч ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 32 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,  тандалтын зорилгоор хийсэн  гурван хүний шинжилгээ байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 291 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 225 боллоо. Харин эмчилгээнд 66 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 62 хүн хөнгөн,  гурван хүн хүндэвтэр, нэг хүн хүнд байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин