"Энэ жил хүүхдээ хараад дахиад л гэртээ суух нь дээ"
2020-07-30

 

Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл аажиллагааг есдүгээр сарын нэгэнд нээхээр шийдвэрлэсэн. Харин цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь авах болсон бол хоёр настай хүүхдүүдийг энэ удаа цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсан. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй гэх шийдвэр гарсантай холбогдуулан иргэдийн байр суурийг сонслоо. 

 

Амьтаны үрсийг алаг үзсэн шийдвэр

 

Иргэн Б.Батдэлгэр /СБД-ийн оршин суугч/:

 

-Энэ шийдвэр амьтаны үрсийг алаг үзсэн шийдвэр гэж үзэж байна. Нэгэнт л хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломжтой бол нас харгалзахгүй авах хэрэгтэй. Ядаж гурван настай хүүхдүүд шиг тал хувийг нь авахгүй дээ гэж бодоод байгаа. Хүүхэд харах хүнтэй айл байна, хүнгүй айл  ч байна.

 

Цахим хичээл боломжтой. Өнгөрсөн хавар туршлагажсан байх. Хүүхдүүд бас учраа олсон болов уу гэж бодож байна.

 

Зээ маань, эмээ би хичээлээ ойлгохгүй байна гэдэг

 

Иргэн Х.Дуламжав /СБД-ийн оршин суугч/:

 

-Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг маш буруу шийдвэр. Эх, эцгүүд нь яаж ажил хийх болж байна. Залуу хүмүүс үр хүүхдийнхээ төлөө ажил хийх хэрэгтэй биз дээ. Зарим хүүхэд эмээ өвөөтэй. Харин эмээ өвөөгүй хүүхдийг эцэг,  эхээс нь өөр харах хүн байхгүй. Хүүхдийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй байхад цэцэрлэгт нь авахгүй гэсэн. Энэ шийдвэрийг тун буруу гэж үзэж байна.

 

Зээ маань эмээ би хичээлээ ойлгохгүй байна. Их даалгавар өгөөд байна, багш нарыгаа ганцаараа хичээл ордог юм шиг их даалгавар өглөө гээд уурлаад байдаг.

 

Ядаж намар аваад өвөл хүйтэрсэн үед нь амраасан бол

 

Иргэн Ж. Тамир /ЧД-ийн иргэн/:

 

-Цэцэрлэгт хоёр настай хүүхдийг авахгүй гэлээ. Ядаж намар аваад өвөл хүйтэрсэн үед нь амрааж болох байсан.  Залуучууд бид адилхан хөдөлмөр хийж байгаа. Нэг талаараа залуучуудаа гаргуунд нь гаргаад байх шиг санагдсан. Энэ шийдвэр таалагдаагүй.

 

Энэ жил хүүхдээ хараад дахиад л гэртээ суух нь дээ

 

Иргэн Х. Тунгалаг /ЧД-ийн иргэн/:

 

-Хүүгээ хоёр нас хүрэхээр цэцэрлэгт оруулаад ажил хийе гэж бодсон. Гэтэл цэцэрлэг авахгүй гэхээр энэ жил дахиад л гэртээ суух нь. Гэртээ суухаар ажил хийж, мөнгө олмоор  санагддаг. Ар гэрт мөнгөнөөс их хэрэгтэй зүйл алга байхад ийм шийдвэр гаргасанд үнэхээр бухимдалтай байна. Өчнөөн ажил төлөвлөсөн байсан. Одоо бүгд таг зогсчихлоо.

 

Цахим хичээл бол цаг үедээ тохирсон зөв шийдвэр, техник технологийн дэвшлийг давхар авчирна шүү дээ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mash buruu shiidver baina
2020-07-30