Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ?
11 өдөр

 

Олон нийтийн сүлжээг дэлхий дахинд өдөрт 2.77 тэрбум хүн идэвхтэй ашиглаж байна. Эдгээр идэвхтэй хэрэглэгч дунд хуурамч хаягтай, эсвэл эх сурвалж нь баталгаагүй холбоос болох сонжоо, тоглоом зэрэг албан бус мэдээллийн сайтаар дамжуулан таны мэдээллийг олж авч, ингэснээр цахим хэтэвч болсон интернэт банкийг тань хоослох зорилготой, энэ төрлийн цахим гэмт хэрэгтнүүд олширсоор байна. Үүнээс сэргийлэхийн тулд та бүхэн олон нийтийн сүлжээ ашиглахдаа хянуур, болгоомжтой байснаар цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх боломжтой. Иймд олон нийтийн сүлжээ ашиглахдаа аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг хүргэе.

 

  • Гар утсанд тань ирсэн кодыг хэнд ч бүү дамжуул

Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр хүмүүсээс утасны дугаарыг нь асуусны дараа мессежээр ямар нэгэн код ирсэн бол явуулж өгөхийг хүсэж, ингэснээр тухайн хүний интернэт банк, и-мэйлийн нууц үгийг сэргээн авч банкны болон бусад данс руу нь халдах халдлага юм. Иймд харилцагч та бүхэн сэрэмжтэй байж, хэн нэгэн таньдаг хүн тань олон нийтийн сүлжээгээр танаас мөнгө зээлэхийг хүсэх эсвэл утасны дугаар асуусны дараа танд мессежээр ямар нэгэн код ирсэн бол явуулж өгөхийг хүсэх тохиолдолд та тухайн кодыг дамжуулж огт болохгүйг анхаарна уу. Мөн банкнаас ирүүлсэн нэг удаагийн нууц үг, нууцлалын код болон мессеж анхааруулга зэргийг ч  шаардлагатай үед нь ашиглаад устгаж хэвшээрэй.

 

  • Онлайнаар бараа захиалах болон хандивын аянд оролцохдоо болгоомжтой ханд

Онлайнаар бараа захиалах, хандив цуглуулах нэрийн дор залилагчид таны дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авахыг зорьдог. Иймд өмнө нь огт хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх, тухайн сайтыг сайтар нягтлах, мөн сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг шаардсан тохиолдолд оруулахгүй байхад анхаарах шаардлагатай.

 

  • Олон нийтийн WiFi сүлжээ бүү ашигла

Олон нийтийн үзвэр үйлчилгээний газрын WiFi сүлжээгээр дамжуулан банкны харилцагчийн  мэдээллийг хялбархан авах боломжтой тул олон нийтийн WiFi ашиглан интернэтэд холбогдсон үедээ Интернэт банк үйлчилгээг ашиглахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв зайлшгүй нэвтрэх шаардлага гарвал аппликэйшнд нэвтэрсний дараа заавал Log out хийн гарч байх хэрэгтэй. Баталгаат бус вэбсайт болон холбоосууд, мессежээр болон олон нийтийн сүлжээний чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж өөрийн мэдээлэл болон мөнгөө алдахаас сэрэмжлэхийг мөн зөвлөж байна.

 

  • Олон нийтэд зориулсан компьютер ашиглан хувийн сошиал хаяг руугаа нэвтрэхгүй байна уу

Өөр хүний гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмж ашиглан та өөрийн цахим хаяг, интернэт банк болон сошиал сүлжээнд нэвтэрсэн бол заавал Log out товчин дээр дарж, гараарай. Үүгээр зогсохгүй компьютер тоглоомын газар, интернэт кафе, номын санд байдаг олон нийтийн зориулалттай компьютерт өөрийн сошиал хаяг, эсвэл интернэт банк руугаа нэвтэрч орохгүй байхыг анхаарна уу. Мөн фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд хувийн нууцлалтай мэдээллээ Public буюу олон нийтэд харагдахаар тохиргоотой оруулахгүй байхад анхаараарай.

Shuud.mn
Сонин хачин