“Би ахлах ангийн сурагч ч гэлээ улсынхаа төлөө санаа зовдог”
2020-07-31

 

Хөөсөн чихэр барин дэгдэх бяцхан үрс, бөөндөө суугаад яриа өрнүүлэх ахлах ангийнхан, хүүхдээ салхилуулан тайван алхах залуу гэр бүл, дасгал хөдөлгөөн хийж буй хэсэг эгч нар гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг өдөр хөвөрсөөр. Үүднээсээ эхлэн үйлчилгээний газар цувран үргэлжилнэ. Нийслэл хотынхны чөлөөт цагаа өнгөрүүлэхээр ирдэг энэ газраас удаах сурвалжилгаа бэлтгэж байна.

 

Их хөлийн энэ газар шинээр “Гэрэлт гэр” гэх бүхэлдээ гэрэлтэх төвийг бий болгожээ.  Оройн цагаар гэрэлтдэг энэ хэсгийг тойрон зогсох залуус хөгжилдөнө.   “Хэдэн цагаас асдаг  юм бол, орой л ажиллах байх гэж ярьцгаана”.  Хажууханд зогсож байсан ахлах ангийн хөвгүүнээс энд өдрөөр ирэх ямар байдаг вэ ? уйтгартай юу гэж асуухад,  “Халуун өдөр онцгүй.  Харин нар буух үеэр л гоё байдаг юм. Ер нь энд сэтгэлээ сэргээх гэж ирэх нь олонтаа. Найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Ялангуяа цар тахлын үед гэртээ суугаад байхаар бачуураад өдөр болгон л ирж байна” гэлээ.

  

Бид хоёр “буу халах” шинжтэй болж ойр хавийн үйлчилгээ, орчны талаар бас хөөрөлдлөө. Түүнийг Зүчи гэдэг. Тэр энэ хавийн үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг гэнэ.

 “Шорлогны  газраар ороод үйлчлүүлэхэд гар ариутгагч гэж хоосон сав байдаг. Бүр үйлчилгээ явуулж байгаа хүмүүс нь макс зүүдэггүй. Уг нь саяхан Хүрээлэнгийн захиргааны бололтой хэдэн хүн шаардлага тавьж байгаа харагдсан.  Тоодоггүй юм шиг байна лээ . Заримдаа ч яахав ариутгагч байдаг л байх би тэр үед нь юм авдаггүй байж магадгүй” гээд инээлээ. Мөн Зүчи цар тахлын үед хүрээлэн дээр ирэх хүмүүс амны хаалт зүүхгүй байгаад эмзэглэж байх аж. “Хэдий би ахлах ангийн сурагч ч гэлээ улсынхаа төлөө санаа зовоод, тахал ороод ирэх вий гэж айдаг. Ер нь энэ хавь орчныг намайг өөрийн дураар  өөрчил гэвэл би энэ шорлог зардаг газруудыг арай өөр төрөл болгох байсан. Жишээ нь, хотынхны хүлээн зөвшөөрөөд байгаа “CU”, “Circle K” дэлгүүрүүдийг энд байрлуулна  гэж хэвлүүхэн яриатай шар хүү өгүүлсэн юм.

 

Хажууханд зогсож байсан эгч миний хоёр дүү цаашаа суучих гээд сандлыг “зайчлуулж” байгаад суучихлаа. Энэ эгчийг Энхмаа гэдэг. Энүүхэнд гэр нь байдаг учир өдөр болгон хүрээлэнгээр салхилдаг гэнэ. Энхмаа эгч Зүчийн ярьж байсныг үргэлжлүүлнэ.  

 

“Энэ хавийн шорлогны үнэрт амьтан цуглана хүүхэд салхилуулаад ороход гэрийнхэн нэл хоол, шорлог үнэртэж байна гэдэг. Хоолонд нь цугласан ялаа шумууланд хазуулах бол наад асуудал. Үнэр та нарыг нь жоохон анхаармаар шүү”  гээд  шорлогны наймаа эрхэлж буй хүмүүст сэтгэл дутуу явдгаа бас ярилаа.

 

“Эд  чинь дан ганц модоор шорлогоо хийдэггүй юм билээ. Шахмал түлш хамт асааж галаа удаан асаахаас гадна, шорлогны амтыг түлшээр өөрчилдөг.  Асууж үзсэн, “хүний биед хоргүй ээ, зүгээр”  гэж байсан. Мэдэхгүй юм. Үнэр танар утаа гаргадгаа больчихвол цэцэрлэгт хүрээлэн ажлын ядаргааг тайлчихдаг аятайхан газар даа. Би өглөө хүүхдээ агаарт гаргахын хажуугаар энд хэдэн хүмүүстэй хамт дасгал хөдөлгөөн хийдэг. Энэ хавьд ойрхон гэртэй хүмүүс өглөө гарч ирээд дасгал хийж олон удаа таарсаар байгаад биенээ таньдаг болчихсон гээд элдвийг хөөрөв.

 

Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн гэх нэртэй нүүр номын хавтас шиг Хүрээлэнг цэгцтэй, дэгтэй байлгахыг хүссэн энэ мэт олон монгол иргэн бий гэдэгт итгэж байна. Улаанбаатар хотын чимэг, чөлөөт цагаа өнгөрүүлэх цөөн газрын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжил айсуй.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Зөв улс бол бидний гэр. Улс сүйрэл бид бөөнөөрөө өлбөрч үхнэ. Чи ганцаараа хоолтой байж яахын гадуур явахаар халтар муухай тахир дутуу охидууд л байдаг болно гээд төсөөл дөө
2020-08-01