COVID-19: Австралид халдварын тоо өсөж, парагвайчууд хөл хориог эсэргүүцэн үймэв
2020-07-31

Коронавирусийн цар тахлын үеэр Английн нутаг дэвсгэр дээрх нас баралтын тоо Европдоо хамгийн ихэд тооцогдож байгаа бол Британийн эрх баригчид коронавирусийн шинж тэмдэгтэй хүмүүсийн тусгаарлалтыг 10 өдөр болгон сунгах шийдвэр гаргажээ. Австрали болон Энэтхэгт халдвар авсан хүмүүсийн тоо өсч байгаа бол Парагвайд хөл хориог эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирав. 

 

Их Британийн нөхцөл байдал 

 

Пүрэв гаригт Их Британид COVID-19 вирусийн халдварын тохиолдол 846-аар нэмэгдсэн нь сүүлийн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр өдрийн үзүүлэлт юм. Мөн хоногт 38 хүн нас барснаар энэ улсад вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 45999 болжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын сүүлээс зургадугаар сарын дунд үе хүртэл Англид бүртгэгдсэн нас баралтын тоо Европд хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулан хийсэн дүгнэлт гэж Британийн статистикийн товчоо мэдээлсэн байна.

 

Тавдугаар сарын 23-ны байдлаар Англи дахь нас баралт өнгөрсөн жилүүдийн дунджаас 7,5 хувиар их байжээ. Статистикийн газрын мэдээлснээр Британид бусад орнуудаас илүү тахал өргөн цар хүрээтэй байсан гэнэ. Испани, Италид дэгдэлт их байсан ч тухайлсан бүс нутагт гарч байсан бол Британид орон даяар халдварын дэгдэлт жигд тархсан аж.

 

Албан баримт, судалгаануудаас харахад нөхцөл байдал ийм таагүй байгаа тул Британийн эрх баригчид нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, өмнө нь коронавирусийн шинж тэмдэгтэй хүмүүсийг долоо хоног тусгаарладаг байсан бол энэ хугацааг 10 хоног болгон уртасгажээ. Ингэснээр Британид халдварын хоёр дахь давалгаа гарахаас сэргийлж чадна гэж эрх баригчид найдаж байгаа аж.

 

Австрали болон Энэтхэгт хөл хорио нэмэр болсонгүй  

 

Австралийн Виктория мужид зургаан долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосон байсан ч энэ нь төдийлөн нэмэр болсонгүй, шинээр халдварын болон нас баралтын тохиолдол хамгийн ихээр бүртгэгджээ. Виктория мужийн эрх баригчдын мэдээлснээр хоногт 723 халдварын тохиолдол, нас баралт 13 бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүс бүгд 70-аас дээш насныхан байсан гэж Виктория мужийн Ерөнхий сайд дэниел Эндрюс мэдэгджээ. Мөн өнгөрсөн хоногт Австралид нас барсан хүний тоо цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа гэнэ. 

 

Улмаар пүрэв гаригаас эхлэн Виктория мужид хурим болон оршуулгын ёслол зохион байгуулахыг хориглож, ням гаригаас эхлэн хүмүүсийг олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх журам гаргажээ. Австралийн бусад мужууд Викториятай хиллэх хилээ хаасан ч дотоодод нь халдвар гарахаас сэргийлж чадаагүй гэж ВВС дамжуулсан байна.

 

Энэтхэгт мөн хоногт хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр пүрэв гаригийн байдлаар энэ улсад 52 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд  Махараштра, Тамилнад болон Андхра-Прадеш зэрэг мужуудад нөхцөл байдал илүүтэй хүнд байгаа гэнэ. 

 

Энэ улс халдварын тоогоор АНУ, Бразилийн ард бичигдэж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт 1,5 сая гаруй хүн халдвар авч, 35 мянга орчим хүн амиа алджээ. Хэдийгээр халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа ч Энэтхэгийн Засгийн газар лхагва гаригт хөл хорионы арга хэмжээнүүдээ сулруулж, наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн спорт заал, йогийн танхимуудыг нээх зөвшөөрөл өгсөн байна. 

 

Парагвай дахь эмх замбараагүй байдал 

 

Парагвайн эрх баригчид тус улсын зарим нутаг дэвсгэрт хөл хорионы арга хэмжээ авч хэрэгжүүлсний дараа энэ улсад эмх замбараагүй байдал эхлэв. Олон зуун хүн Сьюдад-дель-Эсте хотод эсэргүүцлээ илэрхийлэн нэгдсэн байна. Улмаар эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон даамжирч, жагсагчид дэлгүүр тонон, ачааны машин шатааж, цагдаагийнхан руу халджээ. Мөргөлдөөний улмаас хэд хэдэн хууль сахиулагч гэмтэж бэртсэн байна. 

 

Парагвай тахлын хамрах хүрээг хязгаарлаж, энэ улсад 5000 гаруй л тохиолдол бүртгэгдсэнээр бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй аюулгүй хэмээн тооцогдож байв.Гэвч халдварын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа Бразилтай хил залгаа Альто-Парана мужид эмнэлгийн байгууллагууд хэт их ачаалалтай ажиллаж байгаагийн дээр эрсдэл өндөр гэж эрх баригчид мэдэгдээд, хязгаарлалтын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр болсон нь ийнхүү оршин суугчдын эсэргүүцэлтэй тулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
AUSTRALID MELBURN HOT HETCUU BGAA,DARAA N SIDNYE , UMNUD BARUUN TUVUURUU UVCHINGUI BGAA. UMNUD BOLON BARUUN AUSTRALI HIL EE HAACHIHSAN BGAA. GEHDEE NISLEG ENE TEREE KARINTIILJ L ZOHITCUULJ BGAA BH AA. HETERHII CHULUUTEI BH GEVEL ENE UVCHIN IJILHEN L CHULUUTEI HALDVARLAJ BNADAA .JISHEE N MELBURN..
2020-08-01