Хөл хорионоос татгалзсан Шведэд COVID-19-ийн халдвар буурч байна

Коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор ихэнх оронд хатуу хөл хорио тогтоож байхад ийм арга хэмжээнээс татгалзаж байсан Швед улсад халдварын шинэ тохиолдол буурч эхэлсэн талаар Newsweek мэдээлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, долоодугаар сарын 29-ний байдлаар сүүлийн 14 хоногт Швед дэхь 100 мянган хүн амд ноогдох халдварын шинэ тохиолдлын тоо 54 хувиар буурсан байна. Мөн сүүлийн нэг сарын хугацаанд энэ улсад халдварын хоногийн дундаж үзүүлэлт ч буурч байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй нас баралтын тоо ч өдөр тутамд буурч байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 15-нд Шведэд коронавирусийн улмаас 115 нас баралт бүртгэгдэж байсан бол долдугаар сарын 29-ний өдөр ердөө хоёр бүртгэгджээ.
Харин Европын бусад орнуудад өвчлөл хэсэг хугацаанд буурах шинж тэмдэг ажиглагдаж байсан ч сүүлийн үед дахин өслөө. Тухайлбал, Испани, Франц, Бельги, Герман, Нидерландад өнгөрсөн сарын хугацаанд халдварын шинэ тохиолдол 40-200 хувиар өсчээ.
Гэтэл Шведэд халдварын тохиолдол буурч байгаа нь коронавирустэй тэмцэх стратеги амжилттай байсныг гэрчилж байна хэмээн тус улсын тахлын ерөнхий эмч Андерс Тегнелл мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Шведийн эрх баригчид албан ёсоор хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй ч оршин суугчид өөрсдийн санаачилгаар бусадтай харилцах харилцаагаа багасгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар мөрдсөн байна. Ингэснээр Шведийн бодлого хатуу хязгаарлалтыг баримталсан бусад орнуудын бодлоготой адил үр дүнтэй болсон гэж Андерс Тегнелл онцолжээ.
Сүүлийн үеийн мэдээллээр, Шведэд коронавирусийн халдварын тохиолдол 80 мянга гаруй бүртгэгдсэн бол цар тахал эхэлснээс хойш нийтдээ 5739 хүн вирусийн халдвараас үүдэлтэй нас баржээ. Одоогийн байдлаар энэ улс 100 мянган хүн амд ноогдох коронавирусээс үүдэлтэй нас баралтын тоогоороо дэлхийд наймдугаарт бичигдэж байгаа юм.
Энд дуулгахад, эдийн засаг нь сүйрнэ гэж ажиглагчид таамаглаж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас Шведийн бизнест олноороо дампуурсан тохиолдол гараагүй байна. Энэ нь Шведийн эрх баригчид хатуу хөл хорионоос зайлсхийсний үр дүн гэж шинжээчид үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ