Д.Нямхүү: 249 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-07-31

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.31/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 17 сая 111 мянган хүн халдвар авч, 671 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 253 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 139 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 283 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 2595 хүн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн эмч ажилчид ажиллаж  коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийжээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 119 дугаарын утсанд 176 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  15  дуудлага ирсэн.

 

АНУ-д 65900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бразил улсад 57800 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн БНЭУ-д 52100 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. БНСУ-д 36 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. Япон улсад 1301 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д 127 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 123 нь дотоодын халдвар байгаа аж.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 164  хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 41 хүний давтан шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найман хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн хоёр хүний шинжилгээ байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 291 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 225 боллоо. Харин эмчилгээнд 66 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 62 хүн хөнгөн, гурван  хүн хүндэвтэр, нэг хүнд хүн байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин