Иран Украины онгоцыг сөнөөснийхөө төлөө нөхөн төлбөр төлнө
2020-07-31

"Украины олон улсын агаарын тээвэр" компанийн зорчигч тээврийн онгоцыг сөнөөснийхөө төлөө Иран нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Аббас Мусави мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

"Иран улс онгоцны нөхөн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн. Гэхдээ энэ асуудлыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа орохын дээр техникийн болон эрхзүйн үүднээс олон талт асуудлууд бий" хэмээн Мусави мэдэгджээ. Тегеран, Киевийн хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Иран улс болсон хэрэгт хариуцлага хүлээнэ гэж ГХЯ-ны төлөөлөгч онцолсон байна.

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын наймны өглөө Тегераны нисэх буудлаас Киев рүү хөөрсөн "Украины олон улсын агаарын тээвэр" компанийн Боинг 737-800 онгоц хөөрөөд удалгүй сүйрсэн юм. Энэ ослын улмаас Иран, Украин, Канад, Их Британи, Герман, Швед, Афганистаны иргэд болох нийт 176 хүн амиа алдсан. 

 

Улмаар нэгдүгээр сарын 11-нд Ираны цэргийнхэн мэдэгдэл хийн, онгоцны сүйрлийн хариуцлагыг хүлээсэн юм. Тодруулбал, онгоц цэргийн объектын ойролцоо нисч өнгөрөх үед цэргийнхэн "дайсны" далавчит пуужин хэмээн эндүүрч, пуужин харван устгажээ. Учир нь тухайн үед АНУ-ын талаас дайралт ирж болзошгүй байсан бөгөөд Ираны пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүч байлдааны бэлэн байдалд орсон байсан гэж Иран мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин