Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, 306 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-01

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 17 сая 404 мянган хүн халдвар авч, 677 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 282 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 258 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 32 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 2435 хүн байгаа. Орон нутгийн  галт тэргэнд төмөр замын эмнэлгийн эмч ажилчид ажиллаж коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийжээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 119 дугаарын утсанд 136 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  таван  дуудлага ирсэн.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 306 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 265  хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан  дөрвөн хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаар зургаан хүний давтан шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найман хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан  шинжилгээ, Замын-Үүд тусгаарлагдаж байсан хоёр хүний шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн долоон хүний шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ, таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэд  нь манай улсын гурван иргэн, ОХУ-ын иргэн байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 291 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 230 боллоо. Харин эмчилгээнд 61 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 58 хүн хөнгөн, гурван  хүн хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин