COVID-19: ОХУ иргэдээ үнэ төлбөргүй вакцинжуулна
2020-08-03

ОХУ-д коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгыг бүхий л иргэдэд үнэ төлбөргүй хийнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа. 

 

"Вакцинжуулалтын зардлыг төсвөөс гаргахаар бид төлөвлөж байгаа. Мөн энэ тарилга товлолт вакцинуулалт болно" хэмээн Михаил Мурашко мэдэгджээ. 

 

Оросын Эрүүл мэндийн сайдын өгүүлснээр, COVID-19 халдвараас сэргийлэх олон нийтийг хамруулсан вакцинжуулалтыг 10 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр өгүүлсэн байна. Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд болон багш нарт урьдчилан сэргийлэх тарилгыг хийхээр төлөвлөжээ. 

 

Энд дуулгахад, Орост коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг "Вектор" эрдэм шинжилгээний төв, Петербургийн вакцин болон ийлдсийн хүрээлэн, Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төв гэсэн гурван байгууллага боловсруулж байгаа юм. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Москвагийн Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан тарилга аюулгүй, үр дүнтэй гэдгээ баталжээ.

 

Гамалеягийн нэрэмжит төвд гарган авсан вакциныг наймдугаар сард бүртгэж, есдүгээр сард олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол "Вектор"төвийн вакциныг есдүгээр сард бүртгэж, 10 дугаар сард үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

 

Орос улсад COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг сайн дурын үндсэн дээр хийлгэх бөгөөд гэхдээ эрсдллийн бүлэгт байгаа хүмүүс зайлшгүй вакцинжуулалтад хамрагдах ёстой, үүнээс зайлсхийвэл Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль хүлээх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин