Унгар улсын тэтгэлэгт 200 оюутан шалгарлаа
2020-08-03

Монгол улсаас Унгар улсад сурах хүсэлт өгсөн 770 орчим оюутнаас 200 оюутан шалгарлаа. Унгар улсын элчин сайдын яамнаас эдгээр 200 оюутанд мэдээлэл өгч, сурах хугацаанд шаардлагатай, хэрэг болох зүйлсийн талаар танилцуулсан юм.


Бүгд Найрамдах Унгар Улсын өргөмжит консул Ч. Гантулга:

 


-Монгол-Унгар улс дипломат харилцаа тогтоод 70 жил болсон.  2015 оноос өмнө жилдээ 10-15 оюутан Унгар улсын их сургуульд сурдаг байсан. Харин энэ тоог нэмэгдүүлэх ажлыг хийснээс хойш 2015 онд  100 оюутан явсан бол  2016 оноос 200 оюутан явдаг болсон. Цаашдаа энэ тоог улам нэмэгдүүлэх зорилготой байгаа. 


Унгар улсын мастерын тэтгэлгийг авсан оюутан Б. Төгөлдөр: 


- Унгар улсын аль сургуульд ямар хөтөлбөрөөр сурах гэж байгаа вэ?


- Би Унгар улсын Корвинусын их сургуульд тэнцсэн. Одоо Мастерын хөтөлбөрт Бүс нутаг болон байгаль орчны эдийн засгийг сонгон сурах гэж байгаа.  


-Яагаад Унгарын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн бэ? Бусад тэтгэлэгүүдээс юугаараа ялгаатай санагдав?


-Унгар улсын тэтгэлэг нь  100 хувийн сургалтын тэтгэлэг олгохоос гадна байр, тэтгэлэг өгдөг болохоор бусдаасаа илүү их боломжийг олгож байгаа юм. Мөн шалгуур нь бусад их сургуулиудыг бодвол зөөлөн юм билээ. Хоёрдугаарт Унгар улс эдийн засгийн чиглэлээр Европын улс дундаа дээгүүр ордог учир сонгосон.   Бакалавр, магистрын сарын тэтгэлэг  140 евро орчим. Доктор нь 250 евро. 


-Сурах хүсэлт материалаа хэзээ өгч, хариугаа хэзээ авсан бэ? 


-Сурах хүсэлтээ 11 сард өгөөд хариугаа дөрөвдүгээр сард авсан. Одоо явах бэлтгэлээ хийж байна.


-Баяр хүргэе, амжилттай сурч төгсөөд ирээдүйн мундаг боловсон хүчин болоорой.


-Баярлалаа.

 

Энд дуулгахад,

 

-Хил хаалттай энэ үед Унгар улсын Их сургуульд суралцах эрхээ авсан оюутнуудын хичээл нь хэзээнээс эхлэх, мөн хичээл танхимаар эсвэл  цахимаар орох эсэхийг тухайн элсэн орсон сургуультайгаа холбогдож мэдээлэл авах шаардлагатай. Тухайн сургуулийн хичээл танхимаар эсвэл цахимаар орох эсэхээс шалтгаалан  Монгол  улсаас явах нислэг тодорхой болно гэжээ.

 


Э. Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин