Цагдаагийн нүдээр ослын шалтгаан: АРХИ, ХУРД, НОЙР
2020-08-03

Саяхандаа замын цагдаа нар аялагч, амрагчдын автомашины дугуйнд нь сүү өргөн үдэж буй гэрэл зураг цахим хуудсаар тархаж нэгд магтуулж, нөгөөд шүүмжлүүлсэн. Жилд зөвхөн зам тээврийн ослоор 500 гаруй хүн хорвоог орхиж буйн 60 хувь нь зуны улиралд амарч, аялж зугаалж яваад амь насаа алддаг тухай статистик мэдээлэл бий. Арга ядахдаа л замын цагдаа нар ингэж аян замд нь сүү өргөн үддэг ээжийн дүрд тоглохов дээ.

 

Тэгвэл  олноороо амь насаа алдаж буй ослын шалтгаан юу байна, үүнд хэн, юу буруутай вэ? Нийслэлд болон орон нутгийн замд бүртгэгдэж буй ослын шалтгааныг тодруулахыг зорьж Төв аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасаг, хэлтсийн алба хаагчидтай уулзаж ярилцлаа.

 

Л.Ганзориг: Орон нутгийн ослын шалтгаан ХУРД

 

/Төв аймаг дахь замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Төв аймаг 27 сум, 97 багатай. Тээврийн хэрэгслийн тоо 22 мянгаас дээш гарсан. Таван том уулзвартай. Аймгийн хэмжээнд долоодугаар сарын 1-нээс хойш зам тээврийн дөрвөн осол бүртгэгдэж таван хүний амь нас эрсэдсэн. Жолооч нар хариуцлагагүй байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн. Энэ дүрмээ уншиж аюулгүй байдлаа хангамаар байна. Мөн жолооч нар гэр бүлээ хайрлахгүй байгаа нь анзаарагдаж байна. Хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ бүслэхгүй, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэдэггүй. Уг нь бид гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, амьдардаг шүү дээ. Гэтэл тээврийн хэрэглсээр хөдөлгөөнд оролцохдоо гэр бүл, үр хүүхэддээ даанч хайргүй, хариуцлагагүй хандаж байгаад харамсдаг.

 

Би ослын газарт байнга очдог. Ослын газарт дуудлагаар очиход хамгийн харамсмаар зүйл нь хамгаалах бүс зүүлгээгүй, хамгаалалтын суудалд тээвэрлээгүйгээс хол шидэгдэж хорвоог орхисон бяцхан амь. Бүсээ бүсэлсэн бол, зориулалтын суудалд тээвэрлэсэн бол осол гарахгүй байх, нас барахгүй байх боломж байдаг. Мөн хурд хэтрүүлснээс болж олон хүний амь нас эрсдэж байна. ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ” нэгдсэн арга хэмжээг хоёрдахь жилдээ зохион байгуулж байна.

 

Г.Далайжаргал: Гудамжны үзүүрт автомашиндаа архи уучихаад хөдөлгөөнд оролцож яваад осолддог

 

/Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Сонгинохайрхан дүүргээс баруун аймгуудыг чиглэсэн хөдөлгөөн их байдаг. Дүүргийн нутаг дэвсгэр дахь Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор өдөрт дунджаар 2-3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Жолооч нар хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүйн улмаас осолд холбогдож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа осол маш их бүртгэгдэж байна.

 

Сонгинохайрхан дүүрэгт эхний 6 сарын байдлаар зам тээврийн ослоор 15 хүн амь насаа алдсан. Үүний зургаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдох байдлаар, есөн хүн явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож яваад амь насаа алдсан. Явган зорчигч шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцохдоо цацруулагчгүй хувцас өмссөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч яваад амь насаа алддаг. Зөвхөн явган зорчигч зам дээр давуу эрх эдэлнэ гэж байхгүй. Жолоочийн эрх гэж бий. Явган зорчигч гарцаар гарснаараа давуу эрх эдэлдэг гэдгийг анхаарах шаардлагатай байна.

 

Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодох зөрчил дутагдал их гардаг. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ахуйн хүрээний архидалт маш их нэмэгдсэн. Найз нөхдөөрөө нийлж гудамжны үзүүрт, хорооллын дундах сааданд архи, дарс уудаг. Ингээд “халуурдаг”, давардаг, дахиад уухаар согтуурсан үедээ автомашинаа жолооддог тохиолдол хяналт шалгалтын явцад маш их илэрдэг. Тэгэхээр иргэд үүнд анхаарах шаардлагатай байна. Иргэдийн ухамсар, ёс зүй, төлөвшил сул байгаагаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг өөрсдөө бий болгоод байна гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Ч.Чимэдбат: Нойрыг хэн ч дийлэхгүй. Унт, амар

 

/ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Зам тээврийн ослоос шалтгаалаад жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байна. Үүний 60 орчим хувь нь 6-9 сарын хооронд, орон нутгийн замд амь эрсддэг. Хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, өөрийг болон зорчигчийг хамгаалах бүсээр хамгаалдаггүй, жолоочийн хариуцлагагүй, нэгхэн секунд тэвчээгүй үйлдлээс шалтгаалаад гэр бүлээрээ, ах дүүгээрээ, нэг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5-7 хүн амь насаа алдаж байгаа харамсалтай осол хэргүүд бүртгэгдэж байна.

 

Цагдаа нарын хамгийн гол санаа зовж буй, тууштай тэмцэж буй нэг зөрчил бол хурд хэтрүүлэх. Урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд зөөврийн хурд хэмжигчээр жолооч нарын хурдыг хэмжиж, хяналт тавин ажиллаж байна. Энэ мэтчилэн боломж, бололцоотой бүхий л аргаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа. Шил арчигчын шингэн дууссан жолоочийн савыг дүүргээд явуулдаг. Орон нутгийн замд шил маш их бохирддог. Зарим жолооч нар шингэнгүй явж байдаг. Үүнээс шалтгаалан өглөө орой нар мандах, жаргах цагт үзэгдэх орчин хязгаарлагддаг. Өчүүхэн мэт боловч энэ мэтчилэн шалтгаанаар өчнөөн хүний амь нас хохирч байна.

 

Мөн орон нутгийн замд жолооч нойрмоглодог, улмаар осолдох тохиолдол их. Жолооч хоёр цаг яваад 30 минут амрах үүрэгтэй байдаг. Гэтэл амардаггүй. Холын замд ганцаараа, ээлжийн жолоочгүй явдгаас болж осол их гарч байна. Орон нутгийн иргэд маань шөнө, оройн цагаар хөдөлж, өглөө үүрээр нийслэл хотод орох төлөвлөгөөтэйгээр замдаа гардаг. Тэгэхээр Улаанбаатар хотод ойртож ирээд Төв аймгийн нутаг дэвсгэрт их осолддог. Нойрмоглоод байгаагаа мэдсэн хэр нь “Одоохон хот орлоо” гээд гүрийгээд л яваад байдаг. Нэг нүдээ нээгээд нойрмоглоод л, агаарт гарч түр зуурын сэргэлт авдаг ч тээврийн хэрэгслээ бариад явахаар дахиад л нүд нь анилддаг. Нойрыг хэн ч дийлэхгүй шүү дээ. Нэг мэдэхэд амь нас, эрүүл мэндээрээ өөрөө хохирч, хайртай дотныхоо хүмүүсийг алдчихсан харамсалтай осол маш их гардаг. Тиймээс унтаж амарч явах нь хамгийн чухал.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дуудлагаар ослын газарт очиж ажилладаг замын цагдаа нар ослын шалтгааныг ингэж тайлбарлаж байна. Хурд хэтрүүлдэг сагсуу жолооч, согтуугаар жолооны ард суудаг хариуцлагагүй жолооч, нойрмоглосон ч гүрийгээд л явдаг хэнэггүй жолооч...Ийм “гурван” жолоочийн балгаар жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор хорвоог орхидог байна.

 

Уг нь жолооч нарын хариуцлага, ухамсар дээшилбэл нэг ч хүний амь нас эрсдэхгүй байх боломж бий. Бүсээ зүүчихвэл, согтуугаар жолоо барихаа больчихвол, ядраад байвал зам чөлөөлөөд жаахан унтчихдаг бол 500 амь, 500 гэр бүл бүтэн үлдэнэ. Харамсалтай нь хэнэггүй, хариуцлагагүй жолооч нарын “зарлаагүй дайн”-ы уршгаар олон халуун амь хорвоог орхиж байна.

 

Яваад л байвал хүрээд очих газар хойно ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Edgeer deer chanargui muu zam b.a. yavaj b.had genet l zam hagarsan evdersen b.dag.
2020-08-06
Тээврийн цагдаа:
Яг үнэндээ бол тээврийн цагдаа гэх нөхдүүд торгохоос өөр ажил хийж мэдэхгүй чаддаг ч үгүй тиймдээ ч хариуцсан салбар нь өөдлөхгүй байна. Ямар ч дарга цэргийнхээ алдсан дээр дөрөөлж юм ярьдаггүй тэй адил гоншигнохоо боль замын цагдаа нараа ажлаа хий чадахгүй бол чаддагт нь зайгаан тавьж өг татвар төлөгч нар хэдэн замын манаач мануухай нарыг хий хоосон тэжээмээр үгүй байна шүү.
2020-08-03
irgen:
tegeed yheh morooroo yhehgui zamiin hodolgoond zygeer yavaa unaa teregtei hymyysiig ih hohirooj baina muusain arhichinguud....
2020-08-03
irgen:
yhsenee hiij untahgui arhidaj yavdag malnuud ve,
2020-08-03
zochin:
үнэн шүү. Би Эрдэнэтээс хотруу явж байхдаа жолоо барьж яваад унтчихсан байсан. Аз болж хажууд сууж байсан хүн замаас гарахад сэрээж, жолоо шилжүүлж байсан
2020-08-03