БНХАУ Ухань хотынхтой ижил лабораториудыг байгуулна
2020-08-03


2026 он хүртэл Хятадад хамгийн аюултай патогенитэй ажиллах магадлан итгэмжлэгдсэн 5-7 лаборатори байгуулагдах гэнэ. Эдгээрийн нэг нь Орос-Хятадын хилд ойрхон байх Харбинд байгуулагдах бөгөөд энэ лаборатори нь өнөөгийн цар тахлыг үүсгэсэн коронавирус зэрэг багтдаг зоонозын халдваруудыг судална гэж БНХАУ-ын аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрөөс иш татан "Известия" мэдээлжээ. 

 

Одоогийн байдлаар Хятадад энэ төрлийн ганцхан лаборатори байгаа нь Ухань хотынх бөгөөд энэ хот 2019 оны сүүлээр шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн голомт болж байв. 2026 он хүртэл БНХАУ-ын хэд хэдэн бүсэд Ухань хотынхтой ижил 5-7 лабораторийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хөтөлбөр нь Хятадын бүс нутгууд үхлийн аюултай халдварт өвчнүүдтэй тулгарах нь их болсонтой холбоотой гэнэ. Тэр дундаа хил залгаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тахлын голомт байдаг нь нэг шалтгаан гэж үзэж байгаа талаар Известия мэдээлжээ.

 

Үндэсний хөтөлбөрт тусгагдсанаар, судалгааны төв бүр тухайлсан чиглэлээр дагнах бөгөөд Харбинд байгуулагдах лаборатори амьтнаас хүнд дамждаг өвчнүүдийг судлах бол Хятадын хойд хэсэгт байгуулагдах лабораторид халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хамгаалалтын өндөр түвшин бүхий лаборатори байгуулагдах гэнэ.

 

Хятадын мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар, ийнхүү тун удахгүй байгуулагдах лабораториудын жишиг болсон Ухань хотын лабораториуд BSL-4 гэсэн шифртэй байдаг аж. Энэ нь биологийн аюулгүй байдлын дөрөвдүгээр түвшин буюу хамгийн өндөр түвшнийг илтгэдэг юм байна. 

 

Ийм шифртэй лабораториуд нь гадна талаас нь харахад бүхий л талаасаа бүрэн битүүмжлэгдсэн, оон түвшинтэй инженерийн байгууламж юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож ийм байгууламжид агаарын урсгалыг шүүх нарийн системүүд, "халдвартай бүсүүдэд" даралтыг бууруулсан байх бол тавилга, тоног төхөөрөмж нь зүйдэлгүй, чингэлгүүд дээд зэргийн битүүмжлэлтэй байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин