С.Амармандах: Жирэмсэн эмэгтэй хорхог, шорлог идвэл эх, ураг хоёул эндэх эрсдэлтэй
2020-08-04

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор С.Амармандахтай жирэмсэн эмэгтэйд тохиолддог бүлэг эмнэлзүй, эх ураг хоёул эндэх өндөр эрсдэлтэй HELLP хам шинж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

 

-Эрчүүд "Эхнэр төрж л байдаг" гэх хэнэггүй хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна-

 

 

-Сүүлийн жилүүдэд HELLP хам шинж гэж ярих болсон. Маш аюултай гэх ч иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх, юунаас шалтгаалж өвчин үүсдэг тухай мэдээлэл хомс байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-HELLP хам шинж нь жижиг судасны гэмтэл бүхий цус задрал, элэгний энзимүүдийн ихсэлт, ялтас эсийн тоо буурах эмгэг шинжүүдээр нөхцөлддөг юм. Олон улсын өвчний аравдугаар ангилалд бие даасан өвчин биш, манас таталтын урьдлын хүнд хэлбэрийн хүндрэл гэж оруулсан байна. Хэдхэн жилийн өмнө энэ нэр шинэ мэт байсан ч сүүлийн жилүүдэд тохиолдол нэмэгдэж оношилгоо, эмчилгээ оройтсоноос эх ургийн ноцтой хүндрэл үүсч эндэгдлийн шалтгаан болж байна. Таван жилийн өмнө жилд хоёр, гуравхан удаа оношлогддог байсан бол одоо сард хоёр, гурван удаагийн  тохиолдол илрэх болсон. Тэгэхээр энэ төрлийн өвчнөөр өвчлөх хүмүүс нэмэгдэж байна.

 

-Энэ хам шинж зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд л илрэх үү?

 

-Тийм ээ. Зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог. Гол онцлог нь элэгний вирусгүй  хэр нь элэг нь өвчилж, маш их цус алддаг.

 

-Ямар шалтгааны улмаас үүсдэг юм бол?

 

-Орон нутгаас зөвлөгөө авахаар залгаж байгаа эмч нар үүнийг л асууж байна. Би удахгүй Баян-Өлгий аймаг руу энэ хам шинжийн улмаас амиа алдагсад нарийн шинжилгээ хийхээр явах гэж байна. Энгийнээр тайлбарлах гээд үзвэл хүний бие дотор цус нь задарчихдаг гэсэн үг. Улмаар ялтас эсийн цөөрөл явагдаж эх болон урагт маш их аюултай байдал үүснэ. Үүнийг ард иргэд байтугай, энгийн эмч нар ч хэлж мэдэхгүй. Ялтас эсийн хэвийн хэмжээ 180-200 байх ёстойгоос 16-50 болж цөөрдөг. Энэ тохиолдолд хүний цус огт тогтохгүй цус алдаж амь эрсэднэ. Хэрэв ялтас эсийн хэмжээ ийм болвол хүний биеийг хоногоор  биш цагаар муутгадаг. Цус задарснаас  болж бөөрний дутагдалд орно. Элэгний фермент нь 32-42  байх ёстой байтал 800, 1000, 2000 болж ихэсдэг. Ингээд элэгний дутагдал болдог. Элэг, бөөрний дутагдалд орвол эх ураг хоёрт маш аюултай. Маш хурдан оношлоод жирэмслэлтийг таслах эсэхийг шийдэхгүй бол эх ураг хоёул эндэх эрсдэлтэй. Хамар болон ихэс нь ховхроод цус алдаж болно. Гарч болох бүхий л газраас цус алдана. Энэ аймшигтай өвчлөл жил ирэх тусам нэмэгдээд байна гэдэг аюулын том харанга.

 

-Шалтгаан нь тогтоогдсон болов уу?

 

-Шалтгаан нь тодорхой биш. Одоо болтол дэлхий даяар шалтгааныг нь олоогүй л байна. Тиймээс яаралтай оношлоод жирэмслэлтийг хурдан таслах юм бол гарах сөрөг үр дагавар харьцангуй бага байх боломжтой. Гэвч үүнийг оношлож чадахгүй  байгаа.

 

-Дэлхий шалтгааныг нь олж тогтоогоогүй байгаа өвчнийг манайх хэрхэн оношилж байгаа вэ?

 

-Оношлогоонд нарийн зүйлс хэрэгтэй. Бид эхний ээлжид хүнээ үзээд эмнэлзүйн шинж тэмдгээр нь сэжиглэж байна. Дараа нь шинжилгээнүүдээ яаралтай авч бүрдүүлээд жирэмслэлтийг зогсоох эсхэийг шийддэг.

 

-Таны анзаарч байгаагаар HELLP хам шинж аль насны, ямар хүмүүст ихэвчлэн тохиож байна вэ?

 

-Ямартай ч жирэмсний хожуу хордлогын суурин дээр 85 хувь нь үүсдэг. Харин үлдсэн 15 хувь нь эрүүл саруул байж байгаад гэнэтхэн хам шинж үүсдэг. Хам шинж гэж нэрлэсэн нь хүний элэг, бөөрийг хамтад нь маш хүнд гэмтээдэг.

 

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Хамгийн түгээмэл шинж бол хэвлийн өвдөлт. Аюулхай, баруун хавирганы нуман доор эсвэл өвчүүний дор эвгүй зовиуртай мэдрэмж төрнө. Толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, шарлах, хэвлийд шингэн хуримтлагдах шинжүүд түгээмэл биш ч ажиглагдана. Хэвлийн өвдөлт, дотор муухайралт, сульдал, бөөлжилт зэргийг вирусын халдвар гэж эндүүрэх нь эх эндэх эсвэл өвчнийг төвөгтэй нөхцөлд хүргэх шалтгаан болдог.

 

-Шалтгаан нь тодорхойгүй, шинж тэмдэг балархай энэ өвчнөөс яаж сэргийлвэл зүйтэй вэ?

 

-Сүүлийн үед урин дулааны улиралд жирэмсэн эмэгтэйчүүд хөдөө явж хорхог, шорлогны мах идэж, айраг ууж байна. Үүнээс болоод элэг бөөрний үйл ажиллагаа нь хямарч бөөрний дутагдалд орсон хүн манай тасагт одоо эмчлэгдэж байгаа. Би өнгөрсөн бямба гарагт жижүүрлэж хоносон. Тэр өдөр нэг газраас холбогдож “28 долоо хоногтой эхийн биеийн байдал маш хүнд байна” гээд зөвлөгөө авсан. Биеийн байдал хүндэрсэн шалтгаан нь хөдөө явж хорхог, боодог идэж, айраг, шар айраг уусан гэсэн өгүүлэмж хэлсэн. Энэ нь нойр булчирхайн үржилт үрэвслийг бий болчихсон. Ферментийн идэвхжил нь маш өндөр болж их хэмжээний өвдөлттэй. Биеийн байдал тун хүнд байгаа. Дараа нь Өвөрхангайгаас мөн л биеийн байдал хүнд хүн холбогдсон. Эмч бөөрний үрэвсэлтэй гэж оношлоод эм бичиж өгсөн ч ээж нь “Жирэмсэн хүн эм ууж болохгүй” гээд эмчийн бичиж өгсөн эмийг уулгаагүй байгаа юм. Тэгсэн хэр нь жирэмсэн охиноо хөдөө авч яваад хорхог, шорлог идүүлээд HELLP хам шинжийг нь ихсүүлчихсэн. Жирэмсэн эмэгтэйчүүд хорхог, боодогноос татгалзаж хонины махтай гурилтай хоол идэх нь хамгийн зохистой хооллолт болно.

 

-Жирэмслэхийн өмнө эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Та ээж болохоор зэхэж байгаа залуу эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

 

-Хамгийн түрүүнд шүднээсээ эхлээд эмчлүүлэх хэрэгтэй. Мөн хоолойн анген, элэг,  зүрх, бөөр зэрэг эрхтний архаг өвчнийг эмчлүүлсний дараа жирэмслэх нь зүйтэй. Жирэмсэн болмогц эхний 3 сарын дотор харьяа дүүрэг өрхийнхөө эмнэлэгт хяналтад орох нь чухал.  Шаардлагатай бүх шинжилгээнүүдийг өгөх, эмчийн зааврын дагуу эмийн хэрэглээг тохируулах ёстой. Шинжилгээнд өөрчлөлт гарсан бол нарийн мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө авч, товлосон хугацаанд зайлшгүй үзүүлж байх хэрэгтэй.

 

Мөн жирэмсэн хүнийг ойр дотны хүмүүс нь жирийн өдрүүдийнхээс илүүтэй анхаарах нь зөв. Ялангуяа нөхөр нь. Манайхан анхаарахгүй байна.  “Жирэмсэлж л байдаг, төрж л байдаг” гэх байдлаар хайнга хандаж ердийн зүйл мэт санадаг. Энэ хандлагыг өөрчилмөөр байна. Эмэгтэй хүн бүр жирэмсэлдэг ч ердийн зүйл биш  шүү  дээ. 

 

-Ярилцсанд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
Амараа эмч:
Зуны цагт цагаан идээгээ идэх, хурц биш хоол, жимс, ногоо, жигнэсэн хоолнууд зохимжтой
2020-08-12
Jiremsen eej:
Nariin sain medehgvi l yum. Bi horhog idsenees hordlogo ehelsen. Odoo tsusand todorhoo vrewsel bgaa gj vzeed emchiin hynaltand em uuj bga. Haaya2 tolgoi ergeh zowiur ilerdeg. Gedesenii baruun bish zvvn hesgeer us gvvh medremj ihtei bsanch sayhanaas ovoo deerdej bgaa. Nadad orgvi hooson sanagdsangvi. Jich mongold bhgvi bgaa odoogoor.
2020-08-06
тэнэгүүдэд юу ч хэлээд нэмэргүй юм
2020-08-06
zochin:
mongol xun oor yu idex uu ?
2020-08-04
Амараа эмч:
Зуны цагт цагаан идээгээ идэх, хурц биш хоол, жимс, ногоо, жигнэсэн хоолнууд зохимжтой
би:
за битгий худлаа залаад бай, идэж уухаа чамаар заалгахгүй,
2020-08-04
тэнэгүүдэд юу ч хэлээд нэмэргүй юм
mundag:
mundag shuu AMARMANDAKH EMCH
2020-08-04