COVID-19: Дэлхий нийт эдийн засгийн хямралаа тооцоолов
2020-08-04

 

Сарын өмнө дууссан улирал дэлхийн эдийн засгийн хувьд шинэ үеийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэй улирал болжээ. Олон таамаглалд өгүүлснээр Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувиар унана гэсэн тооцололтой байгаа нь сүүлийн 50 жилийн хамгийн бага үзүүлэлт юм. 

 

Цар тахал дэлхий даяар тархаж эхлэн, Европын орнуудад анхны хөл хорио тавигдаж эхлэх үед л 2020 оны дэлхийн эдийн засгийн хөгжлийг эергээр төсөөллөх боломжгүй гэж үзэж байв. 2008 оны санхүүгийн хямрал ч одоогийнхтой харьцуулахад үр нөлөө нь бага байв, тухайн үед дэлхийн ДНБ 2.4 хувиар л буурч байжээ. 

 

Гэхдээ 2008-2009 оны хямрал, өнөөгийн хямралын хооронд адил төстэй зүйл бий. Энэ нь бүх улс оронд хямрал нүүрлоэсэн явдал юм. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн тэргүүлэгч орнууд дөрвөөс долдугаар сарын хоорондох хугацааны эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээ олонд мэдээлэв. 

 

АНУ

Тус улсын худалдааны яамны мэдээлснээр ДНБ нь хоёрдугаар улиралд 32.9 хувь буюу бараг гуравны нэгээр буурчээ. Гэхдээ энэ нь оны таамаглалтай харьцуулсан үзүүлэлт буюу өөрөөр хэлбэл оны дүнгээр ийм бууралт гарах аж.

 

Халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй энэ улсын эдийн засгийн бүхий л салбарт хөл хорио тогтоосон юм. Олон сая хүн ажлын байраа алдаж, улс орон даяар дэлгүүр, нийтийн хоолны газрууд хаагдсан. Тэр дундаа жижиг бизнесийнхэн хамгийн их хохирол амсчээ. Мөн цар тахлын үед шинэ хувцас хунар авах хүн төдийлөн байгаагүй тул хувцас үйлдвэрлэгч, импортлогч, худалдаачид ихээхэн алдагдалд орсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар ч ихээхэн хохирсон бөгөөд учир нь АНУ-ын иргэд нэн шаардлагатай биш л бол эмчийг зорихоо больжээ. Ингэснээр цар тахалтай холбоотойгоос бусад эмнэлгийн салбар ихээхэн алдагдалд оржээ.

 

Гэхдээ эдийн засгийн бүхий л салбар сөрөг үзүүлэлттэй байсангүй, тухайлбал автомашины борлуулалт төсөөлж байснаас өндөр, тэр дундаа дөрөвдүгээр сард зогсонги байдалд байсан худалдаа тав болон зургадугаар сард хурдацтай өссөн байна. Энэ үе хүртэл нийтийн тээврийн хэрэгсэл ашиглаж байсан америкчууд олон хүнтэй газраас зайлсхийх үүднээс хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг сонгосонтой энэ өсөлт холбоотой байж мэднэ гэж шинжээчид үзжээ.

 

Мөн бодит орлого 10 хувиар нэмэгдсэн нь америкчуудад хямралыг давахад нь зориулж тэтгэмж олгосонтой шууд холбоотой аж. Одоогийн байдлаар ажилгүйдлийн шуурхай тэтгэмж олгохыг зогсоосон, конгресс эдийн засгийг дэмжих шинэ багц хөтөлбөрийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хөтөлбөрөөр нэмэлт тэтгэмжийн асуудал тусгагдсан ч наймдугаар сарын дунд хүртэл шийдэгдэхгүй гэж шинжээчид өгүүлжээ.

 

АНУ-ын эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүд нь дэлхийн валютын зах зээл дээр долларын ханш унах гол шалтгаануудын нэг болсон байна.


Европын холбоо 


Европын холбооны ДНБ хоёрдугаар улиралд өмнөх гурван сартай харьцуулахад 12.1 хувь буурчээ. Цар тахлаас үүдэлтэй хохирол Европын улс орнуудын хохирол харилцан адилгүй байв. Германд 10.1 хувь буурсан бол оны эхнээс нийтдээ 12 хувийн уналт ажиглагдсан байна. Энд дуулгахад тус улсад ажлын өдрийг багасгахад зориулан компаниуд төрөөс санхүүжилт авч байсны ачаар энэ улсад ажилгүйдэл бараг өсөөгүй байна. 

 

Дөрвөөс зургадугаар сард испанийн ДНБ хамгийн ихээр буюу 18.5 хувиар буурчээ. Нэгдүгээр сараас хойших хугацаанд энэ үзүүлэлт 22 увиар унасан бөгөөд энэ нь дайны үеийнхтэй адил байгааг шинжээчид онцолсон байна. Францынх 13,8 хувь, Италид 12.4 хувь бууралттай байгаа аж. 

 

Европын холбоо тахлын үр дагавартай тэмцэхэд  санхүүгийн дэмжлэгийн өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг боловсруулсан. Зөвхөн тухайлсан орнуудад гэхэд л 400 тэрбум еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байв.

 

БНХАУ

Хятадад тахал дэгдсэний дараахан буюу нэгдүгээр сараас л хатуу хөл хорионы арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Харин дэлхий нийтийг цар тахал бүрхэж эхлэх үед Хятад хязгаарлалтуудаа аажмаар сулруулж эхэлсэн юм. Тиймээс хямралын оргил үе нэгдүгээр улиралд тохиож, энэ үед ДНБ 6.8 хувиар буурсан нь сүүлийн 40 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт байлаа. 

 

Харин хоёрдугаар улиралд эдийн засаг эргэн өсч, шинжээчдийн таамаглалаас ч давсан 3.2 хувийн үзүүлэлт бүртгэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин