COVID-19: ДЭМБ Вьетнамыг "үлгэр жишээ авахуйц орон" гэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Мария Ван Керкхове коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэж буй Вьетнамын эрх баригчдын арга хэмжээг өндрөөр үнэлсний дээр энэ улсыг бусад орнуудад "үлгэр жишээ болохуйц орон" хэмээн нэрлэжээ.
"Вьетнамын эрх баригчид шуурхай, олон талын арга хэмжээ авч байна. Тэдэнд энэхүү халдварын дэгдэлтийг хяналтандаа авахад туслах систем байна. Ийм л байдлыг бид бусад орнуудад харах хэрэгтэй байгаа юм" хэмээн хэвлэлийн хурал дээр Мария Ван Керкхове мэдэгдээд Вьетнам улс халдварт өвчинтэй тэмцэхэд асар их туршлагатай хэмээн онцолжээ.
"Маш бага ачаалал, цөөн нас баралт бүртгэгдсэн энэ улс халдвар дэгдэх боломжийг хязгаарласан бөгөөд вирусийг өргөн цар хүрээнд дэгдээхгүйн тулд боломжит бүхий л арга хэмжээг авч байна" хэмээн ДЭМБ-ын эрүүл мэндийн салбар дахь онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мөн онцолсон байна.
Энд дуулгахад, сүүлийн саруудад халдварын дэгдэлт бүртгэгдээгүй байсан Вьетнамд өнгөрсөн долоо хоногт вирусийн халдвар гарсан. Тодруулбал Дананг хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд Вьетнамын эрх баригчид шуурхай арга хэмжээ аван, хотыг бүхэлд нь хаасан юм. Улмаар энэ хотын бүхий л оршин суугч буюу 1,1 сая орчим хүнд коронавирусийн тест хийхээр болжээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 652 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 374 хүн эдгэрч, зургаан хүн нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ