АНУ: Гадаадын иргэд ажилд орох боломж хязгаарлагдав
2020-08-04

АНУ-д гадаадын иргэдийг ажилд авах боломжийг хязгаарласан зарлигт тус улсын  Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын гуравны өдөр гарын үсэг зуржээ. Энэхүү баримт бичгийг Цагаан ордны хэвлэлийн алба нийтэлсэн байна. 

 

Зарлигт тусгаснаар, төрийн байгууллага, холбооны гэрээгээр ажиллаж буй компани, гүйцэтгэгчид ажилтан хөлслөхдөө Америкийн иргэд, байнгын оршин суух эрхтэй хүмүүс /ногоон карттай/ болон АНУ-д татвар төлөгчдийг нэн тэргүүнд ажилд авахаар болжээ. 

 

Шаардлагатай ажлын байранд дээрх төрлийн иргэд ажилд орох хүсэлт гаргаагүй бол гадаадын иргэдийг хөлсөлж болох гэнэ. Энэ шинэ журам эрдэмтэн, инженер зэрэг нарийн мэргэжилтэй гадаадын иргэдэд олгодог Н1-В ангиллын визтэй ажилтнуудад ч хамаарах аж. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн зургадугаар сард Америкийн Ерөнхийлөгч Трамп зарим төрлийн ажлын виз олголтод хязгаарлалт тавьсан. Энэ нь цар тахлын үед АНУ-д ажил хайж байгаа хүн их байгаа, иргэдээ нэн тэргүүнд ажлын байраар хангах шаардлага бий болсонтой холбон тайлбарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин