А.Амбасэлмаа: 611 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-04

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 18 сая 214 мянган хүн халдвар авч, 695 мянган хүн нас баржээ. 

 

 Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  141  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  нэг дуудлага ирсэн.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  хүмүүсийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч ажилчдын  шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний  шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ байна. 

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 230 боллоо. Харин эмчилгээнд 66 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 59  хүн хөнгөн, гурван  хүн хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд  байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин