А. Мөнхтогтох : Намайг сургуульд элсүүлсэнд баярлаж байна
8-5

Өндөржүүлсэн бэлэн байдалд орсон энэ үед хичээл сургуулийг есдүгээр сарын нэгнээс танхимын хэлбэрээр эхлүүлэхээр болсон.  Нэг ангид 20 сурагчаас  хэтрэхгүй сурагч суралцана.  Нийслэлд 3 өдөр танхимаар 2 өдөр цахимаар хичээл орох зэрэг зохион байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. 


Нийслэлд гурван өдөр нь танхимаар  хичээллэх бол  2 өдөр цахимаар гэх зэрэг зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Сурагчдын бүртгэл наймдугаар сарын гуравнаас 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдах зэргээр цар тахлын үед аюулгүй байдлыг хангах шаардлагад нийцүүлэн тодорхой өөрчлөлтүүдийг оруулан хичээллэх болсон. 


Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш хэдийнэ долоон сарын хугацаа өнгөрчээ. Энэ хооронд танхимын сургалтаа завсарлуулсан сургууль, багш нар, хичээл, ангийнхнаасаа түр хөндийрсөн сурагчид ирэх хичээлийн жилд бэлэн үү? 

 

Улаанбаатар хотын  100 гаруй сургууль дундаас  №97 сургуулиас сурвалжилгаа бэлтгэхээр очлоо. Сургуулийн хашаанд хүн алга. Гэхдээ хоёр машин хашаанд нь байгааг бодвол ямартай ч дотор нь хүн байгаа бололтой. Хойд хаалга руу дөхвөл нэгэн эмэгтэй гарч яваа харагдана. Түүнийг Д.Гарамжав гэдэг.


-Дотор элсэлт бүртгэлээ авч байна уу, та жаалаа бүртгүүлчхээд явж байна уу?


-Авч байна. Гэхдээ манай ачийн харьяалагдах сургууль биш юм байна.


-Тийм үү. Харьяаллаа мэдэж авав уу та?


-Авлаа. Компьютероосоо хараад хэлээд өгдөг юм байна.


-Цахимаар бүртгэнэ гэж байгаа биз дээ. Та яаж бүртгүүлэхийг нь ойлгосон уу ?


-Тэрийг л ойлгохгүй будилж ирсэн. Гэхдээ сургуулийнхан  өөрсдөө бүртгээд өгчихнө гэж байна, ашгүй гэсээр цааш зөрөн явлаа.


Сургуулийн хашааг тойруулан тарьсан мод байна. Бодвол энэ сургуулийн төгсөгчид  сургуульдаа үлдээсэн бэлэг нь  энэ байх. Дотогш ортол жижүүр эгч халуун шалгаж  угтлаа.  Эргэн тойрноо ажвал гэрэл гэрэлтүүлэг сайтай, толь, ханын сандал, ширээ, цэцэг гээд их тохилог юм. Бас цэвэрхэн ч юм. Жижүүр эгчид учраа хэлэн элсэлт бүртгэлийн баг байх танхим руу оров. “Өчигдөр /наймдугаар сарын гуравны өдөр/элсэлт эхэлсэн одоогоор нэг их хүн алга. Цахим бүртгэлээр бүртгэх амар, цаг хугацаанд хэмнэлттэй, эцэг эхчүүд гэртээ эсвэл ажил дээрээс хаанаас  ч бүртгүүлэх боломжтой” гэж бүртгэлийн багийнхан хэллээ. Биднийг ийн ярилцах зуур гаднаас нэгэн эмэгтэй хүүхдийнхээ гэрчилгээг, иргэний үнэмлэхтэйгээ барьж орж ирээд бүртгүүлээд гарав.  Нээрэн  л хурдан бас хялбар болжээ. Мөн тэднээс хичээл эхэлсэн үед ямар журмаар хичээллэх талаар цөөн хором ярилцав.


-Бүртгэл эхэлснээс хойш хичнээн хүүхэд шинээр бүртгүүлсэн бэ?


-Өчигдөр таван хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлсэн. Өнөөдөр бүртгэж эхлээд хоёр цаг болж байхад 10 хүүхэд бүртгүүллээ. Өнөөдрөөс идэвхтэй бүртгүүлэх шинжтэй. Гэхдээ цахим орчныг чөлөөтэй ашиглаж чаддаг залуу эцэг эхчүүд сургууль дээр ирэх шаардлагагүйгээр гар утсаараа бүртгэлээ хийчхэж байгаа. Өөрсдөө бүртгүүлж байгаа тоог нэмбэл нэлээд их болно байх.


-Үүдээр ороход биеийн халуун шалгаж, гараа ариутгаж орох шаардлага тавьж байна. Бүртгэлийн үеийн ариутгал халдваргүйжүүлэлтийн зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?


-Сургуулиас гаргаж байгаа


-Хичээл эхлэхээр сурагчдын болон анги танхимын халдваргүйжүүлэлтийн зардал хаанаас гарах бол? 


-Тэр талаар бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Боловсролын яамнаас цахим бүртгэл явагдаж дууссан хойно бидэнд чиглэл, мэдээлэл өгнө. Тэр үеэр тодорхой болно байх аа.

 

Бид ийн ярилцах зуур сургуульдаа нэгэн хүү эмээгээ хөтөлсөөр өрөөндөө орч ирлээ. Эмээгийнхээ урд гаран, гараас нь татаж хурдтай алхах нь хүү сургуульдаа бүртгүүлэх гэж яарч, догдолсных гэлтэй. Хүүг А. Мөнхтогтох гэдэг. Өмнө жил бүртгэлээсээ хоцроод сургуульд элсэж чадаагүй. Хоцрох нь дүүрч гэтэл бие жижигтэй байна. Цүнхээ дийлэхгүй учир аваагүй гэнэ. Энэ талаар Мөнхтогтох хүүгээс асуухад:


-Өмнө жил сургуульд орж чадаагүй гэсэн. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ?
-Би өндөр болсон.


-Хэр намхан байсан юм бэ?

-Би өөрийнхөө ташаагаар татахаар жижигхэн байсан. Тэгээд намайг сургууль аваагүй.


-Яаж ийм хурдан хугацаанд өндөр болчхов?

 

-Ах маань намайг өндөр болгоно гээд сагс тоглуулж сургасан. Дандаа найзынх руугаа явахдаа дагуулж яваад хамт тоглодог. Тэгээд би “сагсан бөмбөгийн бурхан” болсон.

 


-Яаж сагсан бөмбөгийг бурхан болдог юм? Тийм юм бас байдаг юм уу?

 

-“Хаандана” гэдэг тоглоомын цол. Олон гоол оруулбал ийм цол авдаг юм.


-Бурхан нь болтлоо тоглосон болохоор ийм өндөр болжээ. Сургуульд орох дуртай байгаа юу?

-Зөндөө дуртай байна.


-Сургуульд сурахын юу гоё вэ?

- Ангийнхан нь бас багш нь. Тэгээд ах шигээ форм өмсөнө.


-Багшийнх нь юу гоё гэж?
-Намайг энэ жил сургуульд авсан болохоор манай багш гоё санагдсан.


-Нэг ангид орох хүүхдүүдээ чи мэдсэн юм уу? Яагаад ангийнхан нь гоё гэж бодсон юм?
-Мэдээгүй л дээ. Гэхдээ би сургуульд сурахыг хүссэн болохоор гоё гэсэн юм аа гээд ичингүйрэн инээлээ. 


   Мөн Мөнхтогтохын эмээ “сургуулийн бүртгэл эхэлж хүүгийн минь нар гарлаа. Өмнө жил ээжтэйгээ хамт ирээд бүртгүүлж чадаагүй энэ жил эмээгээ дагуулаад ирсэн чинь бүртгүүлчихлээ" гээд хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж байсан юм.


Б.Дуламхорол: Намар хүүхдүүдийнхээ суурь түвшнээс үргэлжлүүлэн заана


Ийнхүү олон сар завсарласны эцэст сургуулийн амьдрал дахин буцалж эхлэх нь. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор эцэг эхчүүдийн санаа зовниж буй өөр нэг асуудал нь хичээлийн хоцрогдол. Хэдийгээр цахимаар хичээл орсон ч танхимын сургалтын орон зайг нөхөх боломжгүй гэж үзэх хүмүүс олон. Энэ талаар багш нар ямар бодолтой яваа талаар сонирхов.  


“Би анги даасан багш.  Манай сурагчид энэ намар гуравдугаар ангид орно.  Тэд хаврын хичээлээ программын дагуу гүйцэд үзэж, ойлгож чадаагүй. Зарим нь теле хичээлээ ч үзээгүй.  Тиймээс намар хүүхдүүдийнхээ суурь түвшингээс үргэлжлүүлэн заана. Ирэх жилд шахуу хичээллэж ангийнхандаа давтлага өгөхөөр төлөвлөж байгаа. Хичээлийг нь сэргээж  бататгал хичээл орно. Түүн дээрээс нэмж давтлага хичээл орж хоцрогдлыг арилгахгүй бол энэ хүүхдүүдийн суурь тавигдаж байгаа шүү дээ” гэж 97 дугаар сургуулийн багш Б. Дуламхорол ярилаа.


Түүнчлэн, теле хичээлийн хэлбэрт шилжсэнээс хойш багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын  ачаалал хэд дахин нэмэгдсэн гэж бага ангийн багш Б.Дуламхорол ярьсан юм. “Учир нь өдөр бүр хүүхэд бүрчлэн лүү залгаж хяналт тавьж байсан. Хавар сурагчдаасаа биш тэдний эцэг эхчүүдээс шалгалт авсан.  Шалгалт авахаар эцэг эхчүүд нь өмнөөс нь хийгээд өгчихдөг нь харамсалтай. Тиймээс  сурагчид хаврын хичээлийг бүрэн ойлгосон гэдэгт эргэлзэж байна” хэмээн Б.Дуламхорол багш өгүүлсэн юм.

 

  Энд дуулгахад, дэлхийн дахинд тархаад буй коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд багш, сурагчид  цахим хэлбэрээр холбогдож, хичээл заах, шалгалт авах боломжтой Google plus room, Zoom системийг ашиглаж хаврын хичээлийг давсан. Тэгвэл хаврын орон нутгийн ЕБС-ийн цахим хичээлд хамрагдсан байдлын судалгаагаа нийт сурагчдын 69 хувь нь телевизээр хичээлээ үзэж байгаа гэсэн судалгаа гарчээ.


Хөл хорионы үеэр сургууль бүрт анги даасан багшаар дамжуулан сурагчид цахим хичээлд хамрагдаж буй идэвхийг судалж байв. Энэ хүрээнд сар бүр цахим хичээлийн үр дүнг гаргаж байсан бөгөөд судалгаанаас харахад бага болон дунд ангийн сурагчдад эцэг эхчүүдийн оролцоо маш чухал байгаа нь ажиглагдсан бол төгсөх ангийн сурагчид теле хичээлд идэвхтэй оролцож байжээ. 

Э. Үүрийнцолмон 
 

Shuud.mn
Сонин хачин
Tsatsaa:
Nadad law sonirholtoi, heregtei surwaljlaga bolson shig sanagdlaa. Hair hvrgem hvvhdiin gegeehen yria ni bvr ch ih taalagdlaa amjilt.
2020-08-06
irgen:
ene yarianaas hyy l hoorhon bailaa zag zever ariun yneneeree bayarlaj baigaa ni hoorhon um
2020-08-05
Зочин:
А.Мөнхтогтох хүүг ноднин сургууль аваагүй юм биш ээж нь өөрөө жаахан байна дараа жил суулгая гээд аваад явсан. Арай бас тохиромжгүй үгс гарч бна
2020-08-05
Зочин:
Дахин дахин "Давтлага өгнө" гэж ямар олон бичээ вэ? найруулга зүй тун тааруу санагдлаа олон хүн үзвэл шүүмж их сонсохоор байна даа. Миний болон багш нарын нэр хүнд давтлага өгнө гэдэг үгэнд чинь эмзэглэж байна шүү
2020-08-05
irgen:
2 udaa l garsin bnsht tiim olon bnu xo xoorxon l surwaljilga bn. shvvmjlex gd ydttsan garud bxima
Батбаатар:
Эхнээсээ эхлүүлээд их сонирхол татсан нийтлэл болсон байна. Их гоё сэтгэж бичжээ амжилт хүсье улам илүү хичээгээрэй. Жоохон нуршсан юмуу даа гэж санагдлаа.
2020-08-05