Японд TikTok ашиглахыг хязгаарлаж эхэллээ
2020-08-05

Хятадын олон нийтийн сүлжээ болох TikTok хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж чадахгүй, мэдээлэл алдагдах аюултай гэж үзсэний улмаас Японы хэд хэдэн мужид ашиглахыг хязгаарлаж эхэлсэн талаар Regnum агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Токио хоттой зэргэлдээ орших Сайтама муж болон Хиого мужийн боомт хот болох Кобе хотын захиргаа өмнө нь TikTok-той хийсэн хамтын ажиллагааны хэлэлцээрээ зогсоож, энэ сүлжээн дэх албан ёсны хуудсуудаа ашиглахаа больсон байна.

 

Харин мөн төрлийн хэлэлцээр хийсэн Осака болон Хиросима мужийн захиргаанууд одоогоор дээрх олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаа ашигласан хэвээр байгаа ч "TikTok-ийн эргэн тойронд үйл явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байгаа" хэмээн мэдэгджээ.

 

Энд дуулгахад TikTok нь Бээжингийн "ByteDance" компанид хамаардаг, богино хэмжээний видео бүтээх болон үзэхэд зориулагдсан сервис юм. 2018 оны зунаас хэрэглэгчдийн танил болсон энэ бүтээгдэхүүн Хятадад хамгийн алдартай сүлжээ болсны дээрх бусад орнуудад ч ихээхэн дэлгэрч байна. Одоогийн байдлаар энэ апликейшнийг дэлхийн 150 орны нэг тэрбум гаруй хэрэглэгч ашигладаг гэсэн тооцоолол бий. 

 

Ийнхүү дэлхий даяар хурдацтай дэлгэрч байгаа энэ апликейшнийг ашиглах нь аюултай гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард АНУ энэ апликейшн хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг гэж хардсаны улмаас Америкийн армийн алба хаагчдыг TikTok ашиглахыг хориглосон юм. Улмаар энэ оны нэгдүгээр сарын дөрөвний өдрөөс Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамны ажилтнуудыг албаны төхөөрөмж дээр энэ апликейшнийг ашиглахыг хориглосон.

 

Харин энэ оны зургадугаар сард Энэтхэгийн Засгийн газар тус улсын нутаг дэвсгэр дээр TikTok сервисийг ашиглахыг хориглож, "улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг" гэж Энэтхэгийн засгийн газар үзсэн Хятадын 58 апликейшн багтсан жагсаалтад оруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин