НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна
2020-08-05

Дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас улс орнуудад сургуулиудад хөл хорио тогтоон, олон сарын туршид сурагч, оюутнууд хичээлээс хөндийрч, зарим орны хувьд энэ асуудлыг алсын зайн сургалтын аргаар шийдэж байв. 

 

Ийнхүү коронавирусийн цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол нь манай гаригийн оршин суугчдын нэг үеийн хувьд жинхэнэ сүйрэл дагуулж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. 

 

Сурагчдын аюулгүй байдлыг ханган, тэднийг сургуульд нь эргүүлж оруулах нь дэлхий нийтийн тэргүүлэгч зорилт байх ёстой гэж тэрбээр НҮБ-ын цахим хуудсан дээр нийтэлсэн видео мэдэгдэлдээ онцолсон байна.

 

Долдугаар сарын дунд үеийн байдлаар дэлхийн 160 орны нэг тэрбум орчим сурагч хичээлдээ яваагүй, 40 сая орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй гэдгийг Гутерриш цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн, цар тахал эхлэхээс ч өмнө 250 сая гаруй хүүхэд боловсрол эзэмших боломжгүй байсны дээр хөгжиж буй орнуудын дунд сургуулийн сурагчдын дөрөвний гурав нь суурь мэдлэг авч чадалгүй сургуулийг орхидог гэсэн судалгаа байдгийг сануулсан байна.

 

"Одоо бидний өмнө бүхэл бүтэн нэг үеийн сүйрэл хүлээж байна. Нээгдээгүй нөөц боломж, дараагийн олон жилүүдийн хөгжил цэцэглэлтийг тасалдуулж, тэгш бус байдлыг улам даамжруулах нь" хэмээн Гутерриш мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин