Туркмен: Шаардлага тавьсан эмч нарыг эрүүгийн хариуцлагад татна гэж сүрдүүлжээ
2020-08-05

Туркмен улсын Туркменабат хотын 120 эмнэлгийн ажилтан хотын захиргаанд хандан өргөдөл гаргаж, хэд хэдэн шаардлага тавьсан талаар "Хроника Туркменистана" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмч нар эмнэлгийн ажилтнуудыг хамгаалалтын хэрэгслээр аль болох шуурхай хангах, өвчтөнүүдэд шаардлагатай эм бэлдмэл нийлүүлэхийг шаардсан байна. Түүнчлэн эмч, сувилагч, асрагчид цар тахал дуусах хүртэл гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, тэдэнд халдвар тараахгүйн тулд тусдаа байх түр хугацаанд байрлах орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаарджээ. Мөн эмнэлгүүдэд байгаа сэхээн амьдруулах тасгуудын тоог нэмэгдүүлж, нэмэлт тоног төхөөрөмж тавих хүсэлт гаргасан байна. 

 

Тэдний өргөдлийг хүлээн авсны дараа, долдугаар сарын 20-ны өдөр тус хотын эрүүл мэндийн газрын удирдлагууд болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид өргөдөлд гарын үсэг зурсан эмнэлгийн ажилтнуудтай уулзжээ.  Гэхдээ уулзалтын үеэр хүсэлт хүлээн авч шийдвэрлэх талаар яриагүй, харин шаардлагуудыг биелүүлэхээс татгалзаж, тэдэнд Гиппократын тангаргийг нь сануулж, нөхцөл байдлыг далимдуулан давуу тал олж авах гэж байна хэмээн буруутгасан гэнэ. 

 

"Засгийн газар эрүүл мэндийн салбарыг өндөр түвшинд байлгахын тулд хангалттай ажил хийж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ихийг шаардана гэдэг нь сөрөг үр дагавартайн дээр Ерөнхийлөгчийн бодлогод харш" хэмээн хотын дарга мэдэгдсэн байна.

 

Харин хотын прокурор эмч нарыг ийм үйлдэл гаргаснаар эрүүгийн хариуцлагад ч татагдаж болзошгүйг анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Turkmen ch duusah n dee. Jinhene teneglel
2020-08-06