С.Отгонсүрэн: Хямралын үед стресст орсон эцэг, эх хүүхдэдээ бухимдлаа гаргах болсон
2020-08-06


 

Цар тахлын үед цэцэрлэг, сургууль амраад олон сар өнгөрлөө. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинаа хөл хорио, хязгаарлалт олон сар үргэлжилж, хаа сайгүй ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн энэ үед дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт нэмэгдэх болсон талаарх олон улсын байгууллагуудын судалгаа гарсаар байна. Манайд ч гэр бүлийн хүчирхийлэл ихсэж, чимээгүй дарангуйлал хаа нэгтээх хаалганы цаана өрнөсөөр л...  Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламж үйлчилгээний 108 үйлчилгээний төвийн захирал С.Отгонсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-108 хүүхдийн тусламж үйлчилгээний утас 2014 оны зургадугаар сарын нэгний өдрөөс  ажиллаж эхлээд зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийт хэчнээн дуудлага ирсэн бэ?


-Монгол улсын засгийн газар, Мобиком корпорац, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч төсөл хэлбэрээр үйл ажиллагаагаа эрхлээд зургаан жил өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар 108 утсанд хандсан хандалтын тоо 1,400,000 гарсан байна.


-Өдөрт дунджаар хэчнээн дуудлага ирдэг вэ?


 -Улирлаар болон хоногоор харилцан адилгүй. Хавар, намрын улиралд тоо нь өсдөг бол долоо хоногийн баасан гаригт нэмэгддэг. Хүчирхийллийн дуудлага ихэвчлэн шөнө ирдэг. Өдөрт 450-750 хооронд хэлбэлзэнэ. Нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдох мэдээлэл гарсны дараа дуудлага ихэсдэг. Энэ үед 1000-1300 хүрэх нь ч бий. Учир нь эцэг эхчүүд хүчирхийллийн талаарх ноцтой мэдээлэл олж сонссоныхоо дараа “чи даварч байгаа, жаргалтай байгаа” гэх зэргээр хүүхдийг буруутган, бие махбод болон сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдэх нь их байдаг. Харамсалтай нь эцэг эхчүүд энэ үг үйлдлээрээ хүчирхийлэл үйлдэж байна гэдгээ төдийлөн ухамсарладаггүй. 


-Энэ олон дуудлагаас мэдээлэл авахаар залгах хүний тоо бас цөөнгүй байх. Үүнээс зорилтот хэрэглэгчийн дуудлага хэчнээн байна вэ?


-Дуудлагуудыг программын дагуу зорилтот болон зорилтот бус гэж ангилдаг. Үүний хамгийн чухал нь зорилтот буюу тусламж үйлчилгээг авахаар залгаж буй дуудлага юм. Зорилтот бус дуудлагад утсаар тоглосон, энэ утасны талаар асууж лавласан, ярьж байгаад чимээгүй болсон, тасарсан дуудлагууд хамрах бөгөөд тусламжийг авахаар бүртэл өгөөгүй дуудлагууд ордог. Бидний гол зорилго зорилтот дуудлагын  тоог ихэсгэхэд чиглэж байгаа. Дуудлагыг ихэсгээд зогсохгүй чанарыг дүгнэх ажлыг хийдэг. Зорилтот бус гээд орхигдуулдаггүй. Тэр дуудлагуудад бид маш их анализ хийж байгаа. Ярьж байгаад утас тасарчихвал тасарчихлаа, хүүхэд тоглосон юм байна гэсэн байдалтай байсан. 2018-2020 онуудад зорилтот бус дуудлага дунд дүгнэлт анализ хийж тодорхой дугаарууд луу эргэн холбогдож, тэр дуудлагыг зорилтот болгохын төлөө, тэр хүнд тусламж өгөхийн төлөө ажиллаж эхэлсэн.


-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрөө тусламж хүсэн шууд залгадаг уу? Аль эсвэл хэн нэгнээр залгуулах, тойруулан ярих янзтай байдаг уу?


-Хүүхдүүд эхлээд тандалт хийж, надтай ямар хүн ярих нь уу, ямар хоолойгоор харьцах нь уу гэх эргэлзэл итгэлцлийн тандалт хийдэг. Манай байгууллага эхний дуудлагаасаа л хүүхдэд итгэл өгөхийг хичээдэг. Хүүхэд юм болохоор шууд хэлж чаддаггүй. Эрэгтэй хүн байна уу эмэгтэй хүн байна уу, уурлах нь уу, загнах болов уу гэсэн бөөн эргэлзээтэй залгана. Энэ төрлийн дуудлагууд зорилтот биш болоод явчихдаг. Гэхдээ бид тандалтыг тусламжийн дуудлага гэж ойлгох ёстой. Түүнийхээ дагуу ажиллаж байна.


Бидний ажлын болон  үр дүнгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд зорилтот бус дуудлагыг хувиар ихэсгэнэ гээд тодорхой хувийг зааж өгдөг. Энэ хагас жилийн байдлаар гэхэд 108 утсын зорилтот бус дуудлага өнгөрсөн оны хагас жилийг энэ оны хагас жилтэй харьцуулахад  9000 гаруй дуудлагаар нэмэгдсэн. Тэгэхээр утасны үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсээр байна гэж ойлгож болно.


-Танайд дуудлага өгсөн тохиолдолд эцэг эхтэй нь уулзаж ярилцдаг. Ийм зүйлийн дараа хүчирхийлэгч хүүхдийг мэдээлэл өглөө гэж дахин дарамтлах тохиолдол гардаг уу? Энэ тохиолдолд танайх ямар арга авдаг вэ?


- Манайх ганцаараа шийдвэрлэдэггүй. Тухайн дүүрэг, хорооны гэр, бүлийн байгууллагад шилжүүлдэг. Ийм тохиолдол гарах нь бий. Дуудлага өгсөн хүн нь хэн гэдгийг танил төрөгсдөөрөө судлуулдаг. Энэ үед манай байгууллага тухайн хүүхдийн дуудлага өгсөн гэдгийг чанд нууцалсны дүнд хүүхдийг хамгаалж чаддаг. Хэрэв дахин хүчирхийлбэл гэр бүлийн давтан хүчирхийлэл гэдэг утгаараа тухайн хүнд үүсэх хэрэг хүндэрдэг. Тиймээс тэр хүн хүүхдэдээ гар хүрэх гэж байгаад “за болохгүй шүү” гэж уураа барьдаг.


-Ер нь танайхан дуудлагыг зөв хүлээж аван, тэр хүүхдийн сэтгэл зүйг судалдаг юм байна. Танай дуудлагын утасны зөвлөгчид сэтгэл зүйчид байдаг уу?


-Манайх 100 хувь мэргэжлийн байгууллага. Ээлж болгонд сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд ажилладаг. Нийт 20 орчим зөвлөгчид ажилладаг, тэд бүгд мэргэжлийн нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчид. Тиймдээ ч үйлчилгээ авахаар залгасан хүүхдийг анхны “108 утас сонсож байна” гэсэн хариу болон дараагийн үгээрээ тухайн хүүхдийг толинд тусгаж харсан юм шиг дуу хоолойгоос нь тандалтыг хийнэ гэж утасны зөвлөгчийн арга зүйд багтдаг. Энэ ажил чинь нэг ёсондоо дуу хоолойгоор хүнийг таних үйлчилгээ шүү дээ. Мэргэжлийн маш том мэдрэмж, ур чадварыг шаарддаг.


-Орон нутгийн зөвлөхүүд мөн адил сэтгэл зүйчид байдаг уу?


-Тийм ээ. 21 аймаг, есөн дүүрэгт бүгдэд мэргэжлийн баг ажиллаж байгаа.


-Цар тахлын үед хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явалгүй гэр бүлийнхэнтэйгээ урьдынхаас илүү цагийг хамт өнгөрүүлж байна. Энэ үед танайд дуудлага нэмэгдсэн үү?


-Халдварын үед хүүхдүүд гэр бүлийнхээ хамгаалалтад орчихсон гэж бодсон. Дуудлагыг эрс багасна гэж тооцоолж байтал энэ тоо багасаагүй. Харин ч эсрэгээрээ нэмэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дүгнэлт гаргасан. Түүнд энэ тахлын үед гэр бүлийн асуудал хүнд байдалд орно. Ажилгүйдэл ихсэхээс эхлээд л асуудлууд гарсан. Яг үүнтэй холбоотойгоор стресст орсон эцэг, эх хүүхдэдээ бухимдлаа гаргаж эхэлсэн. Цэцэрлэг, сургууль амарснаас хойш байнга хүүхдүүдтэйгээ нэг гэрт олон цагаар байдаг болсон. Өмнө нь өглөө сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой л уулзалддаг байсан хүмүүс нэг гэрт олон цагаар хамт байхаар үл ойлголцол, зөрчилдөх асуудлууд гарч ирдэг юм байна.


- Ирж байгаа дуудлагын хэчнээн хувь нь орон нутгийн дуудлага байдаг вэ?


- 37 хувь нь орон нутгаас ирэх дуудлага байдаг. Үлдсэн 63 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн дуудлага юм. Дүүргүүд дотроо харилцан адилгүй байдаг. Хүн ам, захын хороолол, нүүлгэн шилжүүлэлт ихтэй СХД, БЗД-үүд нийт дуудлагын ихэнх хувийг эзэлчихдэг. Хүн ам ихтэйгээс гадна байршил их чухал. ХУД, СБД зэргийн дуудлага харьцангуй цөөн байдаг.


-Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлийг хэлээч?


- Ажилгүйдэл болон  архины хамааралтай шууд холбогддог. Нийт гарч буй дуудлага хүчирхийллийн 80-аад хувь нь архины хамаарлаас үүдсэн хүчирхийлэл гарч байна.


-Энэ утсанд зөвхөн хүүхдүүд л ханддаг уу?


-55 хувьд нь хүүхдүүд ханддаг бол үлдсэн хувьд нь эцэг, эх ханддаг. Хүүхэдтэйгээ учраа олохоо болилоо, ууртай болоод байна, ааш нь олдохгүй байна, буруу зуршил, хүүхдийн толгой өвдөж байна хаана хандах вэ, гар утасны хамаарал их болчихлоо яаж хязгаарлах уу гээд олон талын хүмүүжүүлэх аргатай холбогдох зөвлөгөөг  насанд хүрэгчид авах болсон. Энэ болгонд бид тохиромжтой зөвлөгөөг өгдөг. Энэ мэт үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хувийг бууруулсаар байдаг.


-Зөвхөн бие махбодийн хүчирхийлэл биш сэтгэл зүйн дарамтад байдаг хүүхдүүд зөвлөгөө авахад нээлттэй байдаг уу?


-Тийм, сүүлийн үед ийм төрлийн дуудлага ихсэж байгаа. Өсвөр насныхан боловсролын орчинд тулгараад буй сэтгэл зовоосон асуудлаа ярих болсон.


Ярилцаж мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 

Э. Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин