Ж.Аззаяа: Хоолой өвдөж, халуурах нь хайрст үлд өвчний шалтгаан болж байна
2020-08-06

 

 

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн их эмч Ж.Аззаяатай ярилцлаа.

 

-Сүүлийн үед хайрст үлд өвчин бага насны хүүхдүүдэд тохиолдох нь элбэг болж. Тэгвэл псориаз буюу хайрст үлд гэж чухам ямар өвчин бэ?

 

-Хайрст үлд өвчин нь арьсны архаг өвчин. Энэ өвчин нь  манай монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт өндөртэй байдаг. Манай улсын хэмжээнд арьсны өвчлөлийн эхний тавд багтдаг. Энэ өвчнөөр хүйс харгалзахгүйгээр эрэгтэй, эмэгтэй мөн  ямар ч насны хүмүүс өвдөж болно. Гэхдээ 15-35, 50-60 насны хүмүүс зонхилон өвчилдөг.  Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд тохиолдох нь элбэг болж байна.

 

-Энэ өвчний шалтгаан нь юу вэ? Яагаад хүмүүс ийм өвчнөөр их өвдөөд байна вэ?

 

-Энэ өвчний шалтгаан нь тодорхой биш, одоогоор бүрэн тайлбарлагдаагүй. Эмч, эрдэмтэн судлаачид хайрст үлд өвчинтэй хүмүүсийг судалж халдвар-харшлын,вирусын, удамшлын шалтгаантай гэсэн  онол, үзэл баримтлалууд байдаг. Жишээ нь  нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүдэд хайрст үлдтэй хүн байвал үүнийг удамшлын гаралтай байна гэж үздэг.  Ханиад томуу хүрэх, хоолой өвдөж, халуурсны дараа арьсаар тууралт гарвал халдварын шалтгаантай байна гэж үзнэ. Нойр муутай байх, ажлын ачаалал их, ядрах, стресстэй байх зэргээс үүдэлтэй хайрст үлд өвчин үүсч, мөн сэдэрч болно.   

 

-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Хайрст үлд өвчний үед арьсаар арьсны түвшнээс дээш өргөгдсөн улаан ягаан өнгийн гүвдрүүт тууралт гарна. Энэ нь аажмаар дээгүүрээ мөнгөлөг цагаан өнгийн хайрсаар хучигддаг.Үүнээс нь шалтгаалан хайрст үлд гэж нэрлэсэн байх.  Тууралт биеийн аль ч хэсгээр гарч болно. Гэхдээ арьсны өвчний хувьд тууралт байрлах дуртай газар гэж байдаг. Хайрст үлдийн хувьд толгой, хоёр гарын тохой, хөлийн өвдөг, ууц нуруу, гарын алга, хөлийн ул зэрэг  хэсгүүдээр илүү их байрладаг. Учир нь эдгээр газрууд аливаа юмстай их хүрэлцдэгтэй холбоотой. Жижиг гүвдрүүнүүд нь тэлж томроод, хоорондоо нийлж хөрзөнг үүсгэдэг. Эмнэлзүйн 3 үе шатаар /давших, зогсонги, эдгэрэх/  явагддаг. Хайрст үлд өвчний үед арьснаас гадна үе мөч, хумс гэмтэж бодисын солилцоонд ч өөрчлөлт ордог байна.

 

 

-Хайрст үлд  олон хэлбэртэй гэсэн үү?

 

-Хайрст үлд дотроо хэд хэдэн хэлбэртэй. 80-90 хувьд нь энгийн хайрст үлд /вульгарный псориаз/ тохиолдож байна.  Мөн бусад өвөрмөц хэлбэрүүд байна. Товч дурьдвал:

 

Хажираст хайрст үлд:

 

Тосны булчирхай  илүү их байрладаг газруудаар гарч, тосорхог хайрсаар хучигдана гэсэн үг.

 

Шүүдэст хайрст үлд:

 

Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгтэй, хэт тарган, хэт хөлрөмтгий хүмүүсийн арьсны нугалаастай хэсгээр тууралт нь  их гардаг.заримдаа шүүстэй нойтон болно.

 

 

Идээт цэврүүнцэрт хайрст үлд:

 

Дотроо идээтэй жижиг цэврүүнцэрүүд гарна. Хэсэг газрыг хамрах болон тархмалаар гарч болно. Энэ хэлбэр нь сүүлийн үед нэлээдгүй тохиолддог боллоо.

 

 

Хайрст үлдийн улайрал:

 

Энэ үед биеийн арьс нэлэнхүйдээ улайж, үрэвсдэг. Хэсэг газрын эмчилгээгээ буруу хийх, хордлогын шалтгаантай их тохиолддог.

 

 

Хайрст үлдийн үений хэлбэр:

 

Хайрст үлдийн үед  арьс гэмтэхээс гадна үе мөч  гэмтдэг. Үе мөчний  өвчнүүдээс шаардлагатай шинжилгээнүүдийг хийж ялган оношлох хэрэгтэй.

 

 

Хумсны хайрст үлд:

 

 Арьсаар тууралт гарахгүй зөвхөн  хумс гэмтэх тохиолдол байдаг. Энэ үед хумс зузаарч шаргалтах,  дагуу зураас, ховилтой болох, хумсны толион дээр жижиг жижиг нүхнүүдтэй /хуруувчны шинж/ болдог.  Ихэнхдээ энэ нь арьсны тууралттай хавсран тохиолддог.

 

 

Алга, улны хайрст үлд:

 

Энэ хэлбэрийн үед зөвхөн гарын алга, хөлийн улаар тууралт гардаг. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүст их тохиолддог.

 

 

Хуйхны хайрст үлд: 

 

Зөвхөн толгойн үстэй хэсгээр хайрст гүвдрүүнүүд гардаг. Хүмүүс толгой хагтаад байна гээд хаг арилгах янз бүрийн шампунь хэрэглэдэг. Хэрэв ийм зовиуртай бол арьсны эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

 

-Хайрст үлд өвчний энэ олон хэлбэрүүдийн аль хэлбэр нь монголчуудад элбэг тохиолдож байна вэ?

 

-Энгийн хайрст үлд буюу вульгарный псориаз нь  илүү зонхилон  тохиолдож байна. Өвөрмөц хэлбэрүүд сүүлийн жилүүдэд их тохиолддог болж байна. Ялангуяа идээт цэврүүнцэрт хайрст үлдээр өвчлөх нь их болж байна.

 

-Хайрст үлд халдварладаг уу?

 

-Энэ нь халдварт өвчин биш. Халдахгүй гэсэн үг. Халдварын шалтгааны улмаас хайрст үлдээр өвдөж болно. Хайрст үлд маань сэдэрч болно.

 

-Хайрст үлд халдварладаггүй ч удамшдаг гэсэн үг үү?

 

-Удамшиж болно. Нэг гэр бүлийн хэд хэдэн хүмүүс нь хайрст үлдээр өвчилсөн олон тохиолдлууд байгаа. Тэгэхээр удамшдаг гэсэн үг.

 

-Хайрст үлд бүрэн эмчлэгддэг үү?

 

-Хайрст үлдийг төгс эмчлэх эмчилгээ одоогоор гараагүй байгаа.  Харин мэргэжлийн  эмчийн зааврын дагуу эмчилгээгээ хийлгээд, заавар зөвлөгөөг нь дагаад байвал арьсан дээрх тууралт нь шимэгдэж алга болж эрүүл хүн шиг  олон жил амьдарч болно. Харин ямар нэгэн шалтгааны улмаас дахин сэдэрч өвчлөх боломжтой.

 

-Хайрст үлд сэдрэхэд улирал хамаарах уу?

 

-Улирлын чанартай байж болно. Зарим хүмүүсийнх өвөл, зарим нь зун сэдэрдэг. Гэхдээ ихэвчлэн өвөл сэдрэх нь элбэг байна. Учир нь хүйтний улиралд ханиад томуу ихтэй байх нь энэ өвчний дахилтад нөлөөлдөг.   

 

-Уншигчдад маань энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

 

-Хайрст үлд өвчнөөс сэргийлэхийн тулд амьдралын зөв хэв маягтай байх нь чухал. Ажил амралтаа зөв зохицуулж, ядрахгүй, стрессгүй, архи тамхи хэрэглэхгүй, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөхгүй байх хэрэгтэй. Хэрэв арьсаар нь тууралт гарвал мэргэжлийн эмчид  үзүүлж зөвлөгөө авах нь чухал. Зарим хүмүүс фэйсбүүк, найз нөхдөөрөө дамжуулан өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, эмийн санчаас асуугаад л тос аваад түрхэх явдал гарсаар байна. Энэ нь өвчнийг хүндрүүлэх аюултай.

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hool undaa zov idvel bagasdag um baina lee, eldev um iddeg bolsonii gai, mah tos Ichihren byteegdehyynee ers baga id...
2020-08-06