Н.Цогбадрах: Хичээл эхлэх үеэр тарваганы мах зөөвөрлөх тохиолдол нэмэгддэг
2020-08-06

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирус, цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах  хариу арга хэмжээний  талаар мэдээлэл  өглөө. Тэрбээр,

 

-Өнгөрсөн долдугаар сард 26 удаагийн дуудлагад үйлчилж, тусгай үүргийн 19 нислэгээр ирсэн 3834 иргэний ачаа тээш, хувийн хэрэгсэл, нийт 85 тонн ачаа тээш болон 19 хөлөг онгоц, 24 тусгаарлах байр, 148 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн коронавирусээс  урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл өгсөн. ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 4527 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Үүнээс явуулын лабораторид Замын-Үүд суманд гурван удаа ажиллаж, 452 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Урд  хилээр өчигдөр /2020.08.05/  орж ирсэн 86 иргэнд коронавирус илрүүлэх  шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.

 

Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд маш их өөрчлөлтүүдийг авч ирж байна. Эрүүл мэнд, эдийн засаг  хоёр салшгүй холбоотой гэдгийг улс орнуудад ойлгууллаа. Нөгөө талаар хувь хүн эрүүл мэнддээ  илүү анхаардаг боллоо. Гэхдээ зөвхөн өөрийн  эрүүл мэндэд анхаараад зогсохгүй  нийгмийн эрүүл мэндэд анхаардаг болсон байна. Тиймээс энэ гарч байгаа өөрчлөлтүүдийг тусгаж ажиллах нь үр дүнтэй. Мөн иргэдийн оролцоонд тулгуурлаж ажиллах нь коронавирустэй тэмцэх шилдэг арга. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Бэлтгэл ажлаа хангаж байгаа. Зөвхөн байр сав бэлдэж, нэг удаагийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийгээд зогсох биш, орчныг бүрдүүлэх, гар угаах 00, хүн хооронд зай барих, маск зүүх зэрэг бүгдийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд  сургуулийн захирал, эмч, үйлчлэгч, эцэг эхчүүдийн үүрэг чухал байна. Тиймээс хувь хүн бүр  хариуцлагатай байх нь коронавирусээс урьдчилан сэргийлэх арга гэж ажлаа төлөвлөж хийх нь зүйтэй.

 

Долдугаар сар тарваган тахлын эрсдэлтэй сар байлаа. Нийт 11 удаагийн сэжигтэй тохиолдол гарч, гурван тохиолдол нь батлагдсан. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх Эрүүл мэндийн сайдын 24 тоот тушаал гарч бүхий л шатны байгууллагууд хамтран ажилласаны үр дүнд мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны дүнд эрсдэлд өртөх тохиолдол багасаж байна. Он гарсаар 74 удаагийн тохиолдлоор 161 тарвага, түүний эд эрхтэнг хот суурин газар руу оруулж ирэх оролдлого гарсан бол долдугаар сард  26 удаагийн тарвага хураагдсан байгаа. Сургууль цэцэрлэг эхлэх дөхөж, орон нутгаас оюутнууд болон тэднийг дагаж ирж байгаа ар гэрийнхэн нь тарвага, түүхий эд эрхтэнг  нийслэл рүү зөөвөрлөх тохиолдол ихэсдэг. Үүнээс сэргийлэх хэрэгтэй гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин