Япон: Хирошимагийн бөмбөгдөлтөд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна
2020-08-06

1945 онд Японы Хирошима хотыг АНУ бөмбөгдсөн үйл явдлын 75 жилийн ойг тохиолдуулан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх гашуудлын үйл ажиллагаа наймдугаар сарын зургааны өдөр болж байна. 

 

Энэ жил коронавирусийн цар тахлын улмаас дурсгалын арга хэмжээнүүдийг цомхотгосон байдлаар, цөөн оролцогчидтой зохион байгуулах аж. Мөн Хирошима дахь гол ёслолын ажиллагаан дээр вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авсан байна.

 

Өнөөдөр орон нутгийн цагаар 08:15 цагт улс орон даяар нэг минут дуугаа хурааж хүндэтгэл үзүүллээ. Чухамхүү энэ цагт, одоогоос 75 жилийн өмнө Хирошима дээр атомын бөмбөг дэлбэрч байв. Үүний дараа Хирошима дахь Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд хотын дарга Казуми Мацуи болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар үг хэлжээ.

 

Түүх сөхвөл, одоогоос 75 жилийн тэртээ 1945 оны наймдугаар сарын зургаан болон есний өдрүүдэд АНУ Японы Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаясан юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсгийг байлдааны зорилгоор ашигласан анхны тохиолдол байлаа. 

 

Тодруулбал, 1945 оны наймдугаар сарын зургааны өглөө Америкийн B-29 "Enola Gay" бөмбөгдөгч Хирошима хот дээр "Little boy" хэмээн нэрийдсэн атомын бөмбөг хаясан бол үүнээс гурав хоногийн дараа Нагасаки хотод "Fat man" атомын бөмбөг хаяжээ. Ийнхүү бөмбөгдсөний улмаас Хирошимад 90-166 мянга орчим хүн, Нагасакид 60-80 мянган хүн амиа алдсан гэсэн тооцоолол бий.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин