ВВС: Хирошима, Нагасакигийн аймшигт өдрүүдийг туулсан бүсгүйчүүдийн хөрөг
2020-08-07

 

Наймдугаар сарын зургаан болон есний өдрүүдэд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Америк Японы Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаясны 75 жилийн ой тохиож байна. 

 

Энэ аймшигт үйл явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн талаарх тоон мэдээлэл барагцаагаар л гарсан бөгөөд Хирошимагийн 350 мянган хүн амын  140 мянга орчим, Нагасакид 74 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоолол бий. Бөмбөгдөлт Азийн дайныг дуусгасан бөгөөд Япон 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр бууж өгсөн юм.

 

Атомын бөмбөгдөлтийг туулсан хүмүүсийг "хибакуся" хэмээн нэрийддэг. Тэд цацрагийн хордлогоос эхлээд сэтгэл санааны цочрол гээд ихээхэн хүнд зовлонг туулсан хүмүүс. Британийн гэрэл зурагчин, сэтгүүлч Карен Ли Стоу 75 жилийн тэртээх энэ үйл явдлын гэрч болсон бүсгүйчүүдтэй уулзан ярилцжээ.


Тэруко Уэно

 

 

Хирошима дээр атомын бөмбөг унахад Тэруко 15 настай байжээ. Тухайн үед тэрбээр Улаан загалмайн эмнэлгийн дэргэдэх сувилагчийн сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг байж. 

 

Дэлбэрэлт болсны дараа оюутны байр шатаж, Тэруко гал унтраахад тусалж байв. Гэвч тэр үеэр түүнтэй хамт сурдаг охид хэдийнэ галд амиа алдсан байжээ. 

 

Энэ үйл явдлаас долоо хоногийн дараах мөчүүдийн талаарх дурсамжинд нь гагцхүү өдөр шөнөгүй ажилласан тухай л бууна. Гэмтэж бэртсэн, аймшигтай шархадсан хүмүүсийг аврахын тулд цаг наргүй ажиллаж, ундны ус, хоол хүнс дутагдсан нөхцөлд тэд өдөр хоногийг өнгөрөөж байв. 

 

Тэруко сувилагчийн сургуулиа дүүргэн, тэр эмнэлэгтээ мэс заслын сувилагчаар үлджээ. Ийнхүү ажиллах үедээ арьс шилжүүлэн суулгах мэс засалд байнга ордог байсан гэнэ. Арьсыг өвчтөний хонго хэсгээс авч, түлэгдэлтээс үүдсэн шарх сорвитой хэсэгт суулгана. 

 

Ингээд Тэруко мөн л атомын бөмбөгдөлтийг даван гарсан Тацуюки хэмээх эртэй гэрлэжээ. Тэр анхныхаа хүүхдийг тээж байхдаа хүүхэддээ ихээхэн санаа зовдог байж. 

 

"Би тамд байгаагүй, тэнд ямар байдгийг ч мэдэхгүй. Гэхдээ бидний туулсан тэр л зүйлтэй там адилхан байх. Ийм явдал дахин давтагдах ёсгүй. Цөмийн зэвсгийг устгахын төлөө бүхий л чадлаараа тэмцдэг хүмүүс бий. Үүнд хүрэхийн тулд нэн тэргүүнд нутгийн удирдлагын хүчин чармайлтыг нэгтгэх ёстой гэж би боддог. Дараа нь үндэсний хэмжээнд болон дэлхийн түвшинд асуудлыг аажмаар тавих нь зүйтэй" хэмээн өдгөө 90 настай Тэруко ярьжээ. 

 

Түүнчлэн "хүмүүс 75 жилийн дараа ч энэ газарт мод ургамал ургахгүй гэж бодож байлаа. Гэхдээ Хирошима хот өнгөө засч, гол горхи урсаж байгаа. Гэвч хибакуся бид өнөө хэр нь шаналж, цацрагийн хор уршгаас зовсоор байна" хэмээжээ. 

 

Эмико Окада

 

 

Хирошимаг бөмбөгдөх үед Эмико найман настай байжээ. Энэ бөмбөгдөлтийн улмаас түүний эгч Миэко болон өөр дөрвөн хамаатан нь амиа алдсан байна. 

 

"Тэр өглөө эгч над руу хараад "Баяртай!" гэж чанга дуугаар хэлээд явсан. Тэр 12 настай, үргэлж амьдралы баяр баясгалантай явдаг нэгэн байлаа. Гэвч тэр эргэж ирээгүй. Түүнд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй. Аав ээж минь дэмий л найдлага тавин хайдаг байлаа. Цогцосыг нь олоогүй, тиймээс Миэког хаа нэгтээ амьд сэрүүн яваа гэж ээж аав хоёр минь итгэдэг байсан юм. Тэр үед ээж жирэмсэн байсан ч үр зулбасан" хэмээн Эмико ярьжээ.

 

"Бидэнд идэх юм байгаагүй. Цацрагийн талаар юу ч мэдэхгүй бид олдсон бүхнийг л авч байлаа. Хоол хүнс бидний хувьд гол хүндрэл байсан юм. Ус бол бүр ховор нандин эд. Өлссөнөөсөө болоод хүмүүс хулгай хийдэг ч болов. Ингэж л бид тэр үед амьдарч байсан юм, гэхдээ одоо хүмүүс энэ талаар мартсан" хэмээн Эмико дурссан байна.

 

Түүний дурсан өгүүлснээр, гэнэт л үс нь унаж эхлэн, буйлнаас нь цус шүүрэх болжээ. Байнга л ядарч сульдан, хаа ч хамаагүй хэвтээд өгмөөр болдог байсан гэх. Энэ нь цацрагийн нөлөө гэж мэддэггүй байсан бөгөөд 12 жилийн дараа л энэ цацрагийн нөлөөтэй цус багадалт гэсэн онош тавьсан байна.

 

"Жилд хэдэнтээ тод улаан өнгө нар жаргах үеэр тэнгэрт харагддаг. Үүнийг харахаар бөмбөгдөлт болсон өдөр нар хэрхэн жаргаж байсныг санагдуулам. Тиймээс би нар жаргахыг харах дургүй" хэмээн Эмко ярьжээ.

 

Түүний өгүүлснээр, атомын бөмбөгдөлтийг туулсан олон хүн шаналал, дурсамжаа бусадтай хуваалцаж амжилгүй нөгөө ертөнц рүү одсон бөгөөд тиймээс л ам нээж чадаагүй хүмүүсийн өмнөөс ярьж байгаа хэмээн сурвалжлагчид өгүүлсэн байна. Мөн дахин ийм аймшигт явдал гаргахгүйн төлөө хүн бүр өөрийн чадах зүйлийг хийх ёстой, бидний үр хүүхэд өдөр бүр инээмсэглэхүйц ертөнцөд амьдрах ёстой хэмээн өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин