Эх орондоо хайртай бол замгүй газраар бүү давхи
2020-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол улс говь, цөлийн эмзэг, эко систем бүхий улсад ангилагддаг байна. Учир нь хангайд  300 мм, хээрт 200 мм, говьд 50 мм хур тунадас унаж жилд дунджаар 250 мм-ээс бага хур тунадас унадаг, хуурай гандуу бүс нутагт хамаардаг. Тиймээс Монгол улсын хөрс маш эмзэг, чийгийн дутмагшилтай. Элэгдэл, эвдрэлд өртөмтгий, эргэж эдгэдэггүй хөрстэй болохыг судалгаанд дурджээ.

 

Сүүлийн жилүүдэд аялагч, зугаалагчид тээврийн хэрэгслээр эвдэж, хөндөгдөөгүй хөрсөн дээгүүр давхиж, шинэ зам гаргаж хөрсийг ихээр доройтуулах болсныг байгаль хамгаалагчид хэлж байна.

 

“Хустайн байгалийн цогцолборт газар”-ын судлаач, судалгаа, сургалтын албаны менежер Д.Өсөхжаргал “Монголчууд маш энгийн мөртлөө маш их гарз хохиролтой зүйлийг мэдэхгүй байна. Тэр нь замаас гарахыг зөрчил гэж ойлгодоггүй. Хойд өргөрөгийн 40 градус буюу экваторын нарны тусгалаас жаахан зайтай, илт ялгарах дөрвөн улиралтай, их газрын эрс тэс уур амьсгалтай, өвөл зун өдөр шөнийн температурын зөрүү их, жилийн нийлбэр хур тунадас нь 220 мм. Ийм газарт хөрс асар эмзэг. Гэтэл энэ газарт замаас гарч шинэ зам гаргахад тэр зам хэзээ ч эргэж эдгэдэггүй. Тиймээс л хөрсний элэгдэл асуудал болоод байна. Монголын бүх замыг нийлүүлбэл бүтэн аймгийн нутаг дэвсгэр эндсэн гэдэгт би итгэлтэй байна” гэж ярьсан юм.

 

Монголчууд эртнээс морь, үхэр, тэмээн тэрэг зэрэг байгальд ул мөр үлдээдэггүй хөсгөөр нүүдэллэж ирсэн тул хөрсний эндэгдэл үүсдэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд хүчирхэг техник хэрэгслээр зорчих хөдөлгөөн нэмэгдэж дөрвөн дугуйтын улмаас шинээр замууд нэмэгдэх болсон нь хөрс судлаачдын санааг зовоох болжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иймд онгон дагшин байгаль, зүлэг ногоон талд шинээр зам гаргаж эх орныхоо хөлсийг талхлахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас уриалсан байна. Монгол Улсын иргэн та замаасаа гаралгүй зорчиж, шинээр зам үлдээж хөрсийг хэзээ ч эдгэхгүйгээр эвдэхгүй байж эх орон, газар шороогоор хайрлаж хариуцлагатай аялаарай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baihgui ee ene muuhai ulsuud eh oron gej bodohch ugui l davhina, arhidna ergyy malnuud
2020-08-07