А.Амбасэлмаа: 261 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 18 сая 900 мянган хүн халдвар авч, 711 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 256 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 25 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 196 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2742 хүн байна. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 8000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.119 дугаарын утсанд  118  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  гурван дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 261 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  165 хүний  шинжилгээ, ажиглах байранд байгаа 52 хүний  шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа зургаан хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ, аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний шинжилгээ,  тандалтын зорилгоор авсан найман хүний шинжилгээ  байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 260 боллоо. Харин эмчилгээнд 33  хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 31 хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр  байна. Нийт эдгэрээд гарсан 260 хүний 47 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 30 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 183 хүн байна. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин