Гейтс: Цаг уурын өөрчлөлт COVID-19 вирусээс ч илүү хор хөнөөлтэй
2020-08-07

Манай гаригийн цаг уурын өөрчлөлт ирээдүйд коронавирусийн цар тахлаас ч их хүний аминд хүрнэ гэж Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс блогдоо бичжээ.

 

Даяршлын хямрал дэлхийг донсолгосон гэж тэрбээр өгүүлээд вирусийн улмаас 600 мянга гаруй хүн нас барж, олон сая хүн ажилгүй болсон гэдгийг онцолсон байна. Билл Гейтсийн үзэж байгаагаар олон жил үзэгдээгүй эдийн үасгийн хүндрэл үүссэн бөгөөд ердөө хэдэн арван жилийн дараа үүнтэй адил өөр нэгэн хямрал болно гэж мэдэгджээ.

 

Өөр нэг хямрал нь цаг уурын өөрчлөлт гэдгийг тэрбээр онцолсон байна. "Өнөөгийн цар тахал аймшигтай байгаа ч гэлээ цаг уурын өөрчлөлт үүнээс ч дор байна" хэмээн Гейтс онцолжээ.

 

Түүний бичсэнээр, жилийн дүнгээр тооцоолвол 100 мянган хүн амд дунджаар 14 коронавирусээс үүдэлтэй нас баралт ноогдож байгаа гэнэ. "Таамаглал ёсоор бол дараагийн 40 жилд агаарын хэм нэмэгдсэнээр 100 мянган хүнд 14 нас баралт оногдоно. Энэ зууны сүүлээр өнөөгийнх шиг агаарын бохирдол хэвээр байвал 100 мянган хүнд ноогдох нас баралт 73 болно. Өөрөөр хэлвэл 2060 он гэхэд цаг уурын өөрчлөлт COVID-19 шиг үхлийн аюултай болох бол 2100 он гэхэд коронавирустэй харьцуулахад тав дахин үхлийн аюултай болно" хэмээн Билл Гейтс өгүүлжээ.

 

Түүнчлэн,  дулаарал дэлхий даяар эдийн засагт ноцтой хохирол учруулна гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Ойрын 10-20 жилд учруулах хор хөнөөл нь өнөөгийн цар тахлынхтай ижил байх бол энэ зууны төгсгөл гэхэд дэлхий нийт агаар мандалд хаягддаг хорт бодисын хэмжээг бууруулж чадахгүй бол хохирол илүү ноцтой болно хэмээн анхааруулжээ. Тиймээс дэллхийн дулаарлаас сэргийлэхийн тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай хэмээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин