Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг "царцаах" шийдвэрийг он дуустал сунгалаа
8-7

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. 

 


Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хорооноос дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг долоодугаар сарын 31-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан.  Хорио цээрийн дэглэм тодорхой бус хугацаагаар сунгагдаж эдийн засагт үзүүлэх нөлөө хүртэл үргэлжилсээр байгаа учраас хэрэглээний зээлтэй иргэдэд зориулан гаргасан энэхүү шийдвэрээ арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгаж байна. Өмнөх шийдвэр гарахад 76 мянга орчим зээлдэгчид зээлээ сунгасан. Одоо тэгвэл дараагийн зээлдэгч нарт боломжийг олгож байна. Зургаан сарын өмнө эдийн засгийн хүндрэлд ороогүй байж байсан. Одоо харин хүндрэлд ороод байгаа зээлдэгч нарт хугацаа гаргаж өгч байгаа юм. Мөн өмнө нь зургаан сар сунгасан зээлдэгчдэд дахин зургаан сарын хугацаа гаргаж өгч байна. Өмнө нь зээлээ сунгасан, сунгаагүй хамаагүй бүх хэрэглээний зээлтэй хүмүүст 12 сарын хугацаа тавьж өгч байна гэсэн үг юм. Тиймээс зээлдэгчид банкиндаа хандаад хугацаагаа сунгуулах боломжтой" гэлээ. 

 

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Эдийн засгийн хүндрэл зөвхөн Монгол улсад биш дэлхий даяар үүсээд байна. Хэрэглээний зээлийн хугацааг сунгах болсон үндэслэл нь  банкны системд нийт 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөд автсан байна гэж үзэж байна. Үүнээс нийт 15 орчим хувь нь хүндрэлд орсон ч зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж чадаагүй байна гэсэн судалгаа гарсан. Хэрэглээнйи зээлийн хувьд 15-16 орчим хувь нь хэрэглээний зээлийнхээ бүтцэд өөрчлөлт оруулж чадаагүй байна. Хугацааг сунгах бололцоог олгож байгаа ч зээлдэгч санхүүгийн нөхцөл байдалдаа сайтар дүгнэлт хийж байж зээлийн хугацааг сунгах эсэхийг шийдэх бололцоотой" гэв. 

 

Эдийн засгийн уналт энэ оныг дуустал үргэлжлэх төлөв байдал гарчээ. Иймд Монголбанкнаас хэрэглэгчдэд ирж буй санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх, чанаргүй зээлдэгчийн ангилалд шилжихээс сэргийлж цаашид иргэн, аж ахуй нэгж банкны системээс зээл авах эрхийг нээлттэй хадгалж үлдэх үүднээс хэрэглээний зээлийн хугацааг сунгахаар болжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин