COVID-19: Хоёр дахь давалгаа намар гарч болзошгүй
8-10

Дэлхий даяар энэ намар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа гарч болзошгүй гэж ОХУ-ын вирусийн халдварын хяналт, урьдчилан сэргийлэх салбарын шинжээч, анагаах ухааны доктор, тахал судлаач Антон Красовский RT агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Наймдугаар сар болон есдүгээр сарын дунд хүртэл түр хугацаанд намжмал байдалтай байж магадгүй. Гэхдээ дахиад л улирлын хэлбэлзэл гарна" хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Мэргэжилтний үзэж байгаагаар 10 дугаар сард дахин улирлын өсөлт гарч, энэ үеэр өвчилсөн хүмүүс зун халдвар авсан хүмүүсээс хүнд өвдөж болзошгүй гэнэ.

 

Түүнчлэн Оросын нутаг дэвсгэрт нөхцөл байдал ямар байх талаарх таамаглалаа дэвшүүлсэн байна. 

 

"Москвад аажмаар халдварын тохиолдол нэмэгдэнэ. 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хооронд халдварын тохиолдлын үзүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарынх шиг болж, дараа нь аажмаар буурна. Гэхдээ өсөлт тун аажмаар явагдах тул хяналт тавихад хялбар байна" хэмээн Антон Красовский өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, ДЭМБ-ын өгсөн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 19,1 сая давсан байна. АНУ-д таван сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бол үүний араас Бразил, Энэтхэг, Орос, ӨАБНУ, Мексик, Перу, Чили, Колумби, Иран улс жагсаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин