ОХУ: Вакциныг улсын бүртгэлд бүртгэх ажил хойшлогдож болзошгүй
2020-08-11

Орост боловсруулсан, SARS-CoV-2 коронавирусийн анхны вакцины клиникийн туршилтын гурав дахь үе амжилттай дуусах хүртэл энэ вакциныг улсын бүртгэлд бүртгэх ажлыг хойшлуулах шаардлагатай гэнэ. Энэ талаар Клиник судалгаа хариуцсан байгууллагуудын холбооноос Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн нэр дээр хаяглан илгээсэн захидалд онцолсон талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, бичил биологийн үндэсний судалгааны төвд боловсруулж буй "Гам-ковид-вак" вакцины туршилтын өнөөгийн шатанд 100-аас бага хүн оролцсон бөгөөд клиникийн туршилтын гурав дахь шатанд вакциныг хэдэн мянган хүн дээр турших шаардлагатайг захидалд онцолсон байна. Түүнчлэн чухамхүү гуравдугаар шатанд вакцины үр ашиг, аюулгүй байдал зэрэг гол хүчин зүйлсийг тодруулах боломжтойг цохон тэмдэглэжээ. 

 

"Вакцин боловсруулагчид нэн тэргүүнд эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа хүмүүс болох ахмад настнуудад урьдчилан сэргийлэх тарилга хийх хүсэлтэй байгаагаа шууд илэрхийлж байна. Гэтэл дагалдах хууч өвчинтэй, дархлаа сул байх нь элбэг ахмад настнуудад энэ вакцин аюулгүй гэдгийг батлах баримт өнөөдрийн байдлаар алга" хэмээн захидалд өгүүлсэн байна. 

 

Түүнчлэн, хэрэглэгчид шууд хүлээн авах эцсийн бүтээгдэхүүн болсон үед л вакциныг улсын бүртгэлд бүртгэх шаардлагатайг сануулжээ. Мөн коронавирусийн эсрэг вакцин аль болох хурдан гаргаж авах гэсэн тэмүүлэл нь "вакжинжуулалтын анхдагч" гэгдэж байсан үеэс улбаатай "баатарлаг парадигмын үлдэгдэл" хэмээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин