Цар тахлын дараах Швед: Бүх хүүхдийг цэцэрлэгт зайлшгүй хамруулна
2020-08-11

Дэлхий дахиныг хамарсан цар тахлыг хүн төрөлхтөн хараахан даван гараагүй ч улс орнууд нөхцөл байдалд зохицон амьдарч эхэллээ. 

 

Тухайлбал, коронавирусийн халдвараас үүдэлтэй хямралын дараа Шведийн эдийн засгийг дахин хөл дээр нь босгох комисс хэд хэдэн санал гаргажээ. Эдгээрийн дунд сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүдийг зайлшгүй хамруулах, дунд сургуулийн ахлах ангиа хугацаанд төгсөж байгаа сурагчдад тэтгэмж олгох зэрэг санал багтсан талаар Sveriges Radio мэдээлсэн байна.

 

"Манай улсад хямрал нүүрлэсэн, боловсролын тогтолцоонд бүтцийн асуудлууд ажиглагдаж байгаа зэргээс үүдэн энэ хямралаас гарахын тулд боловсрол болон дадал чадварыг хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна. Үүнийг хийснээр бид хүчтэй, илүү сайжрах боломжтой" хэмээн комиссын боловсрол эрхэлсэн төлөөлөгч Сюзанна Акум мэдэгджээ.

 

Швед улс хямралын дараах шинэчлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ хөтөлбөрт боловсолыг чухалчилсан байна. Мөн сургуулиас өмнөх боловсрол нь албан боловсрол байхын дээр сургуулийн боловсролд жинтэй хувь нэмэр оруулна гэж Сюзанна Акум мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин